01/04/2024
“ЭХ ОРОН – МИНИЙ ГОВЬ” СУРГАЛТ, ТАНИН МЭДЭХҮЙН АЯЛАЛ
"Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо" нь ээлжит Фам тур аа зарлаж байна.
Энэхүү аялалдаа салбарын тур оператор компаниудын шинэ бүтээгдэхүүн боловсролуулагч менежер, гайд хөтөч гэх мэт салбарын төлөөлөл болсон та бүгдийг урьж байна.
Аялал 2024 оны 04 сарын 19 -нд Өмнөговь аймаг, Даланзадгад хотоос эхлэнэ. Суудлын тоо хязгаартай учир та яараарай.
Анхаарах зүйлс.
- Аяллын турш хээрээр майханд хоноглоно.
- Аяллын хоол хүнсээ аялагч өөрсдөө баг болон хариуцана.
- Аяллын замд үүрэн телефоны сүлжээ хязгаарлагдмал байна.
- Аяллын төлбөр: Нэг хүний 300,000 төг (8 хүн нэг баг болно. дээрх үнэд тээвэр, тээврийн шатахуун багтсан бусад зүйлс багтаагүй)
- Аяллын нэмэлт мэдээллийг: 99074355, 91001577, 95144470 лавлана уу. аяллын дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү.
Аяллын хөтөлбөр:
4 сарын 18.
Улаанбаатар - Өмнөговь
Өдөр 1. 4 сарын 19. Баасан
Даланзадгад - Борзонгийн тойром.
• 9:00. Өмнөговь аймгийн Угтах үдэх хаалган дээрээс “Даланзадгад хоттой танилцах аялал”-аар аялуулна.
• 11:00 Аймгийн Нутгийн Удирдлагын ордонд Аймгийн удирдлагуудтай уулзаж Өмнөговь аймгийн аялал жуулчлалын талаар баримтлах бодлого, үйл ажиллагаатай танилцана.
• 16:00. Өмнөговь аймгийн 9 гайхамшиг, хүний гараар бүтээгдсэн хоёр бүтээлийн нэг, их хэлмэгдлийн он жилүүдэд цорын ганцаар бүтэн үлдсэн, Номгон сумын Сангийн далай хийдтэй танилцана.
• 19:00. Борзонгийн тойромд хүрч хононо.
Шувууд:
Монгол улсын Улаан номд бүртгэгдсэн Жороо тоодог, Хулан жороо, Загийн болжмор. Цөлийн зэржигэнэ, Ногтруу зэрэг жуулчдын сонирхдог шувуудыг харна.
Амьтад: Хар сүүлт зээр, Цагаан зээр, Хулан харна.
Ургамал: Монгол улсын Улаан номд бүртгэгдсэн Монгол мөнх харгана, Цөлийн аргамжин цэцэг, Алтан харгана, Монгол бүйлс үзнэ.
Өвөрмөц тогтоц: Баянбулагийн булаг.Энд говийн иргэд төрөл бүрийн хүнсний ногоо тариалдаг.
Өдөр 2. 4 сарын 20. Бямба
Борзонгийн тойром – Хаяагийн элс- Баруун Зүүн бөгтий- Ханын хэц
Шувууд: Монгол улсын Улаан номд бүртгэгдсэн Жороо тоодог, Хулан жороо, Загийн болжмор. Цөлийн зэржигэнэ, Ногтрууг замд харах боломжтой. Баруун Зүүн бөгтийн заган ойд Соотон гуйванга таардаг. Ноёны Ханын хэцэд Хахилаг ятуу, Цармын бүргэд, Нөмрөг тас, Зээрд болон Начин шонхор, Идлэг шонхор бий.
Амьтад: Ханын хэцийн уулс нь Монгол улсын Улаан номонд бүртгэгдсэн Цоохор ирвэсийн өлгий нутаг. Аргаль, Янгир бий.
Ургамал: Заган ой, Алтан харгана, Монгол бүйлс, Говийн Хаан мод хайлаас, Олон цэцэгт сухай, Цөлийн аргамжин цэцэг-Цагаан гоёо, Улаан гоёо харна.
Үзэсгэлэнт өвөрмөц тогтцууд:
Чингисийн далан, Үлэг гүрвэлийн олдворт Улаан дэл уул, Хаяагийн элс, Баруун зүүн бөгтий, Зурамтай уул.
Өдөр 3. 4 сарын 21. Ням.
Ханын хэц- Гурвантэс сум – Тост – Тосон бумбын нуруу – Хэрмэн цав
Шувууд: Хэрмэн цавын баян бүрдэд хаврын нүүдлийн жижиг шувууд таардаг. Загийн бор шувуу энэ орчинд байнга амьдардаг.
Амьтад: Монгол орны Улаан номд бүртгэгдсэн ховор зүйл мөлхөгчид Замба гүрвэл, Тэмээн сүүл могой, Нохой гүрвэл, Говийн махир хуруут геккон зэрэг өвөрмөц мөлхөгчид энд бий.
Ургамал: Монгол улсын Улаан номонд бүртгэгдсэн говийн үзэсгэлэнт цэцэг Потанины улаан тулам Тост-Тосон бумбын нуруунд ургадаг. Гэвч 4 сард цэцэглээгүй байна. Хэрмэн цавд баян бүрдийн илэрхийлэгч ургамал Тоорой-Элдэв навчит улиас моддын өтгөн төгөл бий. Олон цэцэгт сухай, Заг мод, Эгэл шагшуурга өтгөрөн ургасан баян бүрдэд аялана.
Өдөр 4. 4 сарын 22. Даваа
Хэрмэн цав – Зулганай- Наран даац- Нэмэгтийн хонгил
Өдөр 5. 4 сарын 23. Мягмар
Нэмэгтийн хонгил – Ухаа толгод – Хонгорын элс – Төгрөгийн ширээ
Өдөр 6. 4 сарын 24. Лхагва.
Төгрөгийн ширээ – Баянзаг – Хавцгайтын хадны зураг – Даланзадгад - Буцах