05/12/2020
Airbnb тухай
“Нэг ч өрөөгүй дэлхийн хамгийн том зочид буудлын сүлжээ Airbnb” гэх айхтар тодорхойлолтыг та өмнө нь хаа нэгтээ сонссон болов уу. Тэгвэл энэ сүрдмээр компанийн түүхийг сөхөж харцгаая.
2007 оны 9-р сарын 22-ны өдөр.
Ээлжит байрны түрээсийн төлбөрөө хэрхэн төлөхөө эргэцүүлж ядсан Брайан Чески, Жо Геббиа гэх хоёр нөхөр.
Тун удахгүй тэдний ойролцоо болох нэгэн дизайн чуулган.
Ингээд л Геббиагийн тархинд нэгэн сонирхолтой санаа орж ирж, найз Чески руу имэйл илгээв.
“Хөгшөөн, чуулганд оролцох гээд ирсэн гаруудад хажуу өрөөгөө түрээсэлж мөнгө хийвэл ямар вэ? Угаасаа чуулганы үеэр ойр хавийн зочид буудал таг битүү болдог биз дээ?”
Хэрэгжүүлэхэд ч амар санаа байв. Ийнхүү анхны зочид манай хоёрын өрөөг түрээсэллээ. Амжилттай болов. Харин тэд намрын налгар энэ өдөр өрөөгөө түрээсэлж, мөнгө олоод зогсохгүй өнөөх зочидтой чухам сайн найзууд болсноор “танихгүй айлд хонохдоо шинэ найзуудтай болж болох юм байна” гэх өөрсдийн шидэт жорыг нээн илрүүлсэн юм.
Ийнхүү нэг шөнийн дотор 160 доллар халааслаж чадсан Геббиа, Чески нар ангийн анд Натан Блечарзик руу утас цохин санал тавьснаар, AirBed & Breakfast компани үүсгэн байгуулагдах суурь тавигджээ.
ӨСӨЛТИЙН ҮЕ
AirBed & Breakfast цахиурын хөндийд үүсгэн байгуулагдсан мянга мянган стартапын адилаар зовж, жаргасаар нэг л мэдэхэд 3 жил өнгөрч, 1 тэрбум долларын үнэлгээтэй технологийн “ганц эвэрт” болсон байх нь тэр. Энэ хугацаанд тэд нэрээ Airbnb болгож өөрчилж амжихын сацуу, өөрсдийн платформыг төгсрүүлэх дээр ихээхэн төвлөрч ажиллажээ.
Ер нь дурсамж бие биедээ итгэдэг хүмүүсийн хооронд л бий болдог зүйл, тийм үү?
Тэгвэл яг л тэрхүү итгэлцлийг бий болгохоор Airbnb гэрийн эзэн болон зочдын хоёр биедээ өгөх “review функц”, нээлттэй харилцааг дэмжих “чат функц”, түрээсийн чанарыг үнэлэх “од функц”, хурдан шуурхай солилцоог хангах “төлбөрийн функц” зэрэг чухал ажлуудыг амжилттай хөгжүүлжээ.
Ийнхүү ердөө 11 жилийн дотор Airbnb 67 хөрөнгө оруулагчаас 6.4 тэрбум доллар босгож, 4 сая хостын сүлжээг байгуулж, 825 сая түрээсийг зуучилж, 220 гаруй оронд үйл ажиллагаагаа тэлж амжсан томхон тоглогч болон хувирчээ.
Түүнчлэн шинэ хэрэглэгч орж ирэхийн хэрээр шинэ хостууд орж ирж, шинэ хостууд нэмэгдэхийн хэрээр илүү таатай, илүү чамин, илүү өвөрмөц түрээсийн байр Airbnb-д нэмэгдэж байлаа.
Ингэж л маш богино хугацаанд Airbnb асар том түрээсийн сүлжээг бий болгож чаджээ.
COVID
Ийм амжилттай компани нээлттэй компани болохгүй гээд яах вэ? Улмаар Airbnb 2019 оны 3-р улирлаас эхлэн IPO хийхээр бэлтгэлээ базааж эхэлсэн юм.
IPO хийх процесс дунджаар 4-6 сар болдог тул 2020 оны эхээр Чески бэлтгэл ажлаа үргэлжлүүлэн хийж байлаа. Яг л энэ үед коронавирусын цар тахал дэлхий нийтийг нөмрөн авсан юм.
Цар тахлын улмаас хотуудад хөл хорио тогтоож эхэлснээр Airbnb-ийн өрөө захиалга Бээжин хотод 96%-иар унаж, Нью Йорк хотод 21%-иар унаж, Сөүл, Ром хотуудад 40%-иар уналаа.
Үүнтэй зэрэгцэн захиалгаа баталгаажуулчихсан хэрэглэгчдийн нөхөн төлбөрийг хийхийн тулд Airbnb 2 тэрбум долларыг хувийн хөрөнгө оруулалтын сангуудаас зээлэв.
Түүнчлэн санхүүгийн эх үүсвэр нь зогссон хостуудад 250 сая долларын дэмжлэгийг үзүүлэхээр болсон юм.
Улмаар 2017 онд 30 тэрбум доллароор үнэлэгдэж байсан Airbnb компанийн үнэлгээ цар тахлын үеэр 17 тэрбум доллар болтлоо навс буурсан юм. Нөхцөл байдал дордож 2020 оны 5-р сард Airbnb:
7’500 ажилчдын 1’900 буюу 25%-ийг цомхтгож
Маркетингийн зардлыг 54%-иар танаж
Менежментийн багийн цалин болон ажилчдын урамшууллыг танах замаар зардлыг бууруулах арга хэмжээ авчээ.
Харин энэ үеэр гүйцэтгэх захирал Брайан Чески бусад компаниудын удирдлагаас өөрийн манлайллын чадвараар гоц ялгарсан юм.
Тэрбээр цомхтгогдсон ажилчдадаа зориулж ажил хайх сайтыг хөгжүүлж, ажлын зориулалтаар ашиглаж буй Apple компьютерээ авч үлдэхийг нь зөвшөөрч, хүний нөөцийнхөө томоохон хэсгийг цомхтгогдсон хүмүүст дараагийн ажлаа олоход нь туслалцаа үзүүлэхээр дайчилсан тухайгаа ажилчдад илгээсэн захиандаа дурдаж, олон нийтийн бахархлыг хүлээлээ.
СЭРГЭЛТ
Цар тахлын нөхцөл байдал дордохын хэрээр хүмүүс холын замд аялахаа больсон ч, “салхинд гарах” нь ихэссэн нэгэн сонирхолтой тренд ажиглагджээ. Ийнхүү Airbnb алгоритмаа ойрын аялал санал болгоход төвлөрүүлснээр захиалгын тоо нэмэгдэж эхэлсэн юм.
Улмаар 2020 оны 3-р улиралд тэд 1.34 тэрбум долларын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19%-ийн уналт боловч, 219 сая долларын ашигтай ажилласан үр дүн гаргажээ. Ингэж л эргэн ирэлтийг хурдтайгаар хийж буй тэдний хувьд боломжийг ашиглан IPO хийхээр шийдсэн нь энэ аж.
Тэгвэл уг IPO-д хөрөнгө оруулах уу, эс оруулах уу гэх шийдвэрийг гаргахын өмнө Airbnb-ийн бизнесийг илүү сайн ойлгох гэж оролдъё.
БИЗНЕС МОДЕЛ
Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш хурдацтай өсөж буй Airbnb-ийн бизнес модел харьцангуй энгийн. Хэрэглэгч өрөө түрээсэлснийхээ төлбөр болгож түрээслэгчид мөнгө төлнө. Энэхүү төлбөрөөс Airbnb 10%-аас 20%-ийн шимтгэл авдаг юм.
Жишээ авч үзье. Хост 100 доллароор нэг өрөөг түрээсэллээ гэхэд 3 доллар нь Airbnb-д очиж 97 доллар нь хостод очно. Нөгөө талд зочин дээрх 100 долларын өрөөнд орлоо гэхэд 12 долларын шимтгэл, 4 долларын татварыг нэмээд нийт 116 долларыг төлбөрт төлнө. Улмаар энэхүү наймаанаас Airbnb нийт 15 долларын орлоготой ажиллах юм.
Мэдээж компанийн үйл ажиллагаа томрохын хэрээр шинэ бүтээгдэхүүнүүд бий болсон бөгөөд хостуудыг энгийн болон мэргэжлийн хэмээн ангилдаг болжээ. Эдгээр хостууд бага зэрэг ялгаатай шимтгэлийг Airbnb-д төлдөг.
Түүнчлэн зөвхөн өрөө түрээслэхээс гадна сүүлийн жилүүдэд Experiences бүтээгдэхүүндээ Airbnb ихээхэн ихээхэн анхаарал хандуулах болжээ. Experiences бүтээгдэхүүн хэрэглэгчдэд ууланд авирах, шинэ хоол хийж сурах, зураг зурж сурах гэх шинэ дурсамж бүтээх боломжийг санал болгодог ажээ.
МЕНЕЖМЕНТ
Аливаа компани томрохын хэрээр компанийн үүсгэн байгуулагчид нь компани удирдсан туршлагатай хүмүүст зайгаа тавин өгөх тохиолдол түгээмэл байдаг. Тэгвэл Airbnb-ийн хувьд үүсгэн байгуулагч гурав маань өнөөдрийг хүртэл компанийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, удирдлагын ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа нь сонирхолтой.
Түүнчлэн компанийн нийт ажилчдын 19% нь инженерүүд аж. Энэ тоо нь Amazon, Uber, Lyft зэрэг технологийн компаниудаас ч өндөр байгаа нь Airbnb бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологийг хэр чухалчилдаг нь харагдаж байна.
Мөн Airbnb хоёр томоохон менежментийн сайжруулалтыг энэ онд хийжээ. Тодруулбал:
Disney-ийн Theme Parks & Experiences бизнесийн ерөнхийлөгчөөр 15 жил ажилласан Кэтрин Пауэллийг Experiences бүтээгдэхүүний ахлахаар элсүүлжээ.
iPod, iPhone, iPad зэрэг бүтээгдэхүүнүүдийн дизайныг гаргасан, Стив Жобсын зүүн гар Жони Айвтай хамтын ажиллагаа байгуулжээ.
ӨСӨЛТ
Компанийн өсөлтийн хувьд жил ирэх тусам удаашрах хандлагатай байгаа. Гэхдээ л зарим том бизнесүүдтэй харьцуулахад хавь илүү өндөр дүнтэйгээр өссөн хэвээр.
ЗАХ ЗЭЭЛ
Одоогоор Airbnb компанийн хүрч үйлчилж чадах зах зээлийн (SAM) хэмжээ 1.5 их наяд доллар байгаа бол ирээдүйн боломжит зах зээлийн (TAM) хэмжээ 3.4 их наяд доллар байгаа юм. Тодруулбал:
SAM - 1.5 их наяд доллар: Дэлхий даяар жилд 11.8 тэрбум шөнийг төлбөртэй өрөөнд хоноглож, тухай бүртээ дунджаар $105 доллар төлж байна. Ингээд үзвэл жилд 1.2 их наяд долларын зах зээл байгаа юм. Түүнчлэн аялагчид 2019 онд казиногоос бусад үзвэр үйлчилгээнд 239 тэрбум доллар зарцуулсан нь өнөөдрийн хүрэх боломжит зах зээл гэж үзсэн байна.
TAM - 3.4 их наяд доллар: 2030 онд хүн амын аялах хандлага нэмэгдэж 9.5 тэрбум төлбөртэй аялал зохион байгуулагдаж нийт зах зээлийн хэмжээ 1.8 их наяд долларт хүрэх боломжтой. Airbnb хостуудын сүлжээгээ ашиглан дан ганц аялагчид бус хот дотроо үзвэр үйлчилгээ үзэх боломжийг нээхээр зорьж буй бөгөөд үүнийг нэмснээр үзвэр үйлчилгээний зах зээл нь 1.4 их наяд долларт хүрэх боломжтой аж.
Түүнчлэн...
Төлбөртэй өрөөний зах зээлд нийлүүлэлтээрээ дэлхийн хамгийн том зочид буудлын сүлжээнүүд болох Marriott International, Hilton Worldwide, InterContinental Hotels Group, Wyndham Hotel Group, болон Hyatt Hotels нарын бүх өрөөг нийлүүлэхэд 4.3 сая болж байна. Харин Airbnb нь дээрх нийлбэр тооноос даруй 62% илүү буюу нийт 7 сая өрөөг нийлүүлж байгаа нь тус зах зээлд хол тасарчихсан байр суурийг нэгэнт эзэлснийг харуулж байна.
САНХҮҮ
Санхүүгийн тайлан, үзүүлэлт сонирхож буй уншигчид доорх хүснэгтийг хараарай.
Хөрөнгийн үнэлгээний загалмайлсан эцэг Асват Дамодаран дээрх үзүүлэлтээс дараах зүйлсийг онцолжээ.
Өндөр өсөлтийн хурд удааширч байна. Орлого нь 5 жилийн дотор 5 дахин өссөнийг удааширч байна гэж хэлэх нь инээдтэй сонсогдож байгааг мэдэж байна л даа. Харин ийм хурдтай өссөн компанийн өсөлт удаашрах нь сонин биш гэдгийг санах хэрэгтэй. Санаа зовохгүй байж болно.
Airbnb-ийн орлогын хувь тогтвортой байна. Нийт захиалгын дүн өссөөр байгаа ч Airbnb-ийн олж буй орлогын хувь 12%-13%-д тогтвортой байна. Мэргэжлийн түрээслэгчдээс илүү өндөр хувь авдаг бизнес нь харьцангуй шинэ учир дээрх тоонд нөлөөлөхөд хугацаа хэрэгтэй. Мөн Experience үйлчилгээнээс 20%-ийн шимтгэл авч буй тул уг бизнес томрох хэрээр орлогын хувь нэмэгдэх нь лавтай.
Ашиг олоход ойрхон байна. “Sharing Economy” буюу Uber гэх мэт ижил бизнес моделтой компаниудтай харьцуулахад Airbnb мөнгө үйлдвэрлэж эхлэхэд их ойрхон байна. Дээрх тайланг сайн харвал 2018 онд үйл ажиллагааны ашиг олсон байна шүү дээ. Энэ бизнес ашиг олох боломжтой гэдгийг дээрх үзүүлэлт маш тод харуулж байна.
SWOT
Тус компанийн давуу, сул тал, боломж болон эрсдэлүүдийг тооцох SWOT шинжилгээ хийж үзье.
Давуу тал
Анхдагч: Airbnb энэ зах зээлийг бүтээсэн компани учраас хүмүүс аялахдаа байр түрээслэх талаар бодоход шууд л Airbnb бодогдоно. Яг л бид цахилгаан машиныг төсөөлөхөд Tesla бодогддог шиг, пүүз төсөөлөхөд Nike бодогддог шиг.
Сайн бизнес модел: Airbnb олон хүнийг холбож, олон хүний амьдралд хэрэг болдог учраас урт удаан хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой.
Сонголт: Хүн бүр л хэрхэн хямд төсвөөр аялах вэ гэж боддог байх. Тэгвэл Airbnb хямдаас эхлээд үнэтэй хүртэл маш олон сонголтыг санал болгож байна.
Сул тал
Зохицуулалт тодорхойгүй: Зарим хотуудад богино хугацаагаар байр түрээслэх хориотой байдаг бөгөөд ихэнх улс орнууд Airbnb-г хэрхэн зохицуулах тал дээр тодорхой бус байна.
Хостууд болон түрээслэгчдээс шууд хамааралтай: Хостууд олдоцтой, хямд, тухтай байж зочдыг болон түрээслэгчдийг татна. Харин хостууд гэнэт алга болвол яах вэ?
Боломж
Өсөлттэй зах зээл: Та хаашаа ч юм аялахыг хүсэж байна уу? Мэдээж тийм байлгүй. COVID-19-с өмнө аялал жуулчлалын салбар дэлхийн хамгийн өндөр өсөлттэй салбаруудын нэг байсан. 2019 онд л гэхэд 1.5 тэрбум хүн аялжээ.
Ойролцоох хөдөө газрын аялал: Өмнө нь дэлхийн ердөө 20 том хот л Airbnb-н ихэнх орлогыг бүрдүүлдэг байсан аж. Тэгвэл цар тахал гарснаас хойш хүмүүс том хотууд руу аялахаас илүүтэй ойролцоох хөдөө газарт хүний хөлөөс хол амарч, салхилж эхэлснээр хөдөөгийн сайхныг дахин мэдэрч эхэлсэн гэнэ шүү.
Зайнаас ажиллах соёл: Дэлхий даяар зайнаас ажиллаж, суралцаж, амьдарч сурч байна. Энэ нь Digital Nomad амьдралын хэв маяг буюу ажиллангаа дэлхийг тойрон аялж амьдрах амьдралын хэв маягийг улам дэлгэрүүлнэ. Digital Nomad-ууд харин түрээсийн байранд суух нь тодорхой.
Аюул
Хатуу зохицуулалт: Технологийн хувьсгал хийж байгаа компаниудын хамгийн том эрсдэл нь ямар нэгэн хатуу хууль, дүрэм журамд зах зээлээ алдах юм.
Шинэ өрсөлдөгчид: Мэдээж бизнесийн ертөнцөд өрсөлдөөн байсаар л байна. Booking.com, Expedia зэрэг томоохон өрсөлдөгчдөөс гадна Google, Amazon гэх мэт гигантууд энэ зах зээлд орж ирэх ч юм билүү?
COVID-19 цар тахал: Коронавирусын цар тахлын ээлжит давлагаанууд ойрын хугацаанд өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий.
Дээрх шинжилгээг харвал Airbnb боломжоор дүүрэн байна. Энэ хүртэл уншсан та Airbnb компанийн талаар багахан ч болов мэддэг боллоо. Тэгвэл үндсэн сэдэв болох IPO мэдээллийг харцгаая.
IPO
Доорх хүснэгтээс тус компанийн IPO-ны талаарх нарийн мэдээллийг харцгаая. Түүнчлэн тус IPO-ны проспектустай энд дарж танилцаж болно шүү.
Airbnb хувьцааны үнэ захиалгын дүнгээс хамаараад 44-50 долларын хооронд тогтох юм.
Андеррайтерүүд нэмэлт 5,000,000 ширхэг хувьцааг авч борлуулах эрхтэй бөгөөд тухайн эрхээ хэрэгжүүлсэн тохиолдолд дээд тал нь компани 3 тэрбум доллар татан төвлөрүүлэх боломжтой байна.
ДҮГНЭЛТ
Энэ хүртэл уншсан танд Airbnb-ийн бизнесийг улам гүнзгийрүүлэн судлах хүсэл төрсөн гэдэгт итгэж байна. Шинжээчийн зүгээс дээрх компанийн IPO-г дүгнэн бичихэд:
Аялал жуулчлал, үйлчилгээний салбар цөм хямарч буй энэ хэцүү үед гайхамшигтай хурдтай сэргэж чадсан Airbnb өөрсдийн бизнес моделийн хүчийг харуулж байна.
Хостуудад 250 сая долларын дэмжлэг үзүүлж, цар тахлын өмнө хийгдсэн захиалгыг бүгдийг нь буцаан төлсөн тэдний хувьд үйлчилгээний чанар хамгаас чухал үзүүлэлт ажээ. Энэхүү үйлчилгээний чанарыг сайжруулах “дон” нь тэдний амжилтын үндэс байж ч мэдэх юм.
IPO хийсний дараа ч үүсгэн байгуулагчид нь шийдвэр гаргах саналын эрхтэй байх нь сайны дохио. Учир нь Airbnb-ийн хамгийн том давуу тал нь удирдлагын баг, бизнес модел хоёр нь юм.
ЭЦЭСТ НЬ...
Дэлгэрүүлж судлахыг зөвлөж байна.
Мэргэжлийн шинжээчдийн үнэлгээг уншиж үзэхийг зөвлөж байна. NYU сургуулийн профессор Асват Дамодаран нэгж хувьцааг 54 долларт, Atlantic Equities сангийн Жеймс Кордвелл нэгж хувьцааг 75 долларт, New Constructs-ийн шинжээч Дэвид Трейнер компанийг 57 тэрбум долларт тус тус үнэлжээ.
Хэзээ хөрөнгө оруулах вэ?
Хувьцаа энэ сардаа багтаан олон нийтэд нээлттэй болох бөгөөд WSJ-ын мэдээлж байгаагаар анхдагч зах зээлийн үнэ 12-р сарын 9-нд тогтоно. Энэ хугацаанаас өмнө IPO-д оролцох захиалга өгч болно. Эсвэл IPO хийгдэж дууссаны дараа хоёрдогч зах зээлээс хувьцаа авах боломжтой.
Яаж хөрөнгө оруулах вэ?
Танд хоёр сонголт байна.
InteractiveBrokers, TDAmeritrade гэх мэт гадаадын цахим брокерт данс нээн арилжаа хийж болно.
Эсвэл та дотоодын брокерийн компаниудаар дамжуулан арилжаа хийж болно
Эх сурвалж: Lemon Press