19/02/2021
"Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймаг Тэмээний төрөлжсөн эмнэлэг байгуулна
Өмнөговь аймаг сүүлийн 17 жил тэмээн сүргээ тасралтгүй өсгөн, 2020 оны эцэст 166.8 мянган тэмээ тоолуулсан нь 2003 оноос хойш 96.6 мянган толгойгоор буюу 2.4 дахин өссөн байна.
Өмнөговь аймгийг 2021-2024 онд хөгжүүлэх "Нутгийн хишиг" хөтөлбөрт тэмээн сүргийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд хоёр бөхт тэмээний ашиг шим, физиологи, судлагдаагүй өвчнийг илрүүлэх, оношлох, эмнэл зүй эмчилгээний аргыг боловсруулан нэвтрүүлэх зорилгоор Тэмээний төрөлжсөн эмнэлэг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн тэмээний ашиг шимийг нэмэгдүүлэх, ингэний сүү, тэмээний ноосоор брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүний ашиг шим, чанарыг тодорхойлох шаардлагатай байгаа юм.
Тэмээн сүргийн үнэлэмжийг нэмэгдүүлэх ажлыг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ санаачлан, аймагтай хамтран ажиллаж байна.
Тэмээн сүргээ өсгөн үржүүлэх зорилгоор Өмнөговь аймаг олон ажлыг санаачлан хийсэн билээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар ингэ ботголох үеэр малчдад мөнгөн урамшуулал "Ботгоны мөнгө" олгосон нь тэмээ өсөхөд дэм болж, тэмээчдэд маш их урам өгч байв.
Мөн 2015 онд "Галбын говийн улаан", "Ханын хэцийн хүрэн" омгийн тэмээдийг үүлдрээр баталгаажуулсан түүхтэй.
2016 онд Өмнөговь аймагт "Монгол тэмээ-999" арга хэмжээг зохион байгуулсан билээ. Дэлхийн гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох уралдаанд газар газрын хурдан 1115 тэмээ бүртгүүлэн уралдсанаас 1108 тэмээ барианы зурхайд орж, гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоов.
2019 оны 12-р сарын 14, 15-ны өдрүүдэд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор "Улсын аварга шалгаруулах хурдан тэмээний уралдаан" өмнийн цэнхэр говь нутагт анх удаа зохион байгуулагдав. Тэмээн соёл уралдааны холбооноос зохион байгуулсан тус уралдаанд тэмээгээрээ алдартай говийн аймгуудаас гадна алс баруун Завхан, тэртээх зүүн хязгаарын Дорнод зэрэг 8 аймгийн тэмээчид 400 орчим шилмэл тэмээтэйгээ ирж оролцсон билээ. Улсын аварга шалгаруулах уралдааны үеэр тэмээчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж, 120 гаруй тэмээчид туршлагаа солилцож байв.