15/05/2024
Та бүхэн жуулчдыг үнэн сэтгэлээсээ хүндэтгэж байгаарай. Тэд бол жирийн хүмүүс, монголыг маань маш сайхан орон гэж бодоод зориод хүрээд ирсэн дэлхийн иргэд, зочид...
Ихэнхи жуулчид баян биш байдаг, бидэн шиг л тав арван цаасаа хойш нь хийж байж, цаг заваа гаргаж байж ирж байгаа хүмүүс...
-Тэдэн дотор, өр тавин байж монголд ирсэн хүмүүс ч байдаг.
- Тэдэн дотор, монголд биднээс илүү хайртай хүмүүс ч байдаг.
- Тэдэн дотор, монголыг үзэх гэж арван настайгаасаа хойш мөнгөний хайрцагтаа мөнгөө цуглуулсан хүмүүс ч байдаг.
- Тэдэн дотор, монголын иргэн болох цорын ганц мөрөөдөлтэй хүмүүс ч бас байдаг.
-Тэдэн дотор, өвөг дээдсийн монгол геньтэй хүмүүс ч бас байдаг.
- Тэдэн дотор, дахин амьдрах эрч хүчээ зөвхөн монголоос олж авахаар ирсэн өөдрөг үзэлтнүүд ч байдаг.
Хөгшин европоос ирсэн Жон,
удахгүй төгсгөл болох амьдралынхаа зарим хэсгийг монголд өнгөрүүлэхээр иржээ. Гайхамшигтай сайхан инээдэг, спортлог, цоглог, гайхмаар эерэг хандлагатай түүнийг удахгүй хүний ертөнцөөс явахдаа бэлтгэж байгаа гэхэд яавч итгэмгүй, даанч харамсалтай. Түүний цорын ганц сүүлчийн хүсэл нь, Хөх тэнгэрийн орон, бахархам түүхт Монгол орныг үзчээд нүд аних...
Монголын халуун зун, хүйтэн өвөл, бүр шороон шуурга ч түүнд тааламжтай...
Монголын уулс, үүлс, тэнгэр, одод бол хамгийн гайхалтай дүрс үзэгдэл...
Монголын морьд, хонь, ямаа, шувууд хүртэл хамгийн хайр татам амьтад...
Улаанбаатар ч гайхалтай сайхан хот...
Монголчууд та нар, үнэхээр найрсаг зочломтгой, ухаалаг сайхан, тэнгэрлэг хүмүүс...
Би монгол орон, монголчуудад хайртай...
Тиймээ. Ийм сэтгэл тээж ирсэн тэдний урмыг хэзээ ч бүү хугалаарай. "Ганцхан" хувь хүн та тэдний нүдэнд МОНГОЛЧУУД гэж харагддагийг хэзээ ч бүү бүү мартаарай...
Та бүхэндээ амжилт хүсье.