18/07/2019
Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН УУРХАЙ ЗОГСЛОО
Өчигдөр буюу 2019.07.17-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн "Сауд Гоби Коэл Транс" ХХК-ийн Баянтэсийн уурхай олборлолтын үйл ажиллагаагаа бүрэн зогсоолоо. Бидэнд ирсэн мэдээллээр уурхайн экскэватор болон бусад техникүүдийг хүнд даацын ачааны машинуудаар Баянхонгор аймаг руу зөөж эхэлжээ. Харин олборлосон нүүрсийг ачих техник, дампууд уурхайд үлдсэн байна. Уурхайгаас шилжүүлж буй техникүүд нь одоогийн байдлаар Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байрлах Нэмэгтийн хөндийд шаварт суусан байдалтай байгаа аж. Уурхайн ажилчдыг үндсэнд нь амраасан гэж эх сурвалж хэлж байна.
Ямартай ч ОРОН НУТГИЙН ИРГЭД, СЭТГҮҮЛЧИД, ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ хамтарсан тэмцлийн үр дүнд хууль бусаар тусгай хамгаалалттай газар нутгийг сүйтгэж байгаа уурхайг хазаарлаж чадлаа. Одоо мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа хийх биз. Хууль зөрчсөн 31 төрлийн үйлдэл байгааг илрүүлсэн мөртлөө Өмнөговь аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас уурхайн үйл ажиллагааг зогсоохгүй байгаа нь олон нийтэд хардлага төрүүлж байгаа юм. Мөн төрийн бус байгууллагаас тавьсан шаардлагад өнөөдрийг хүртэл Өмнөговь аймгийн МХГ хариу өгөөгүй байна. Уурхайн үйл ажиллагаа зогссон талаар "Сауд Гоби Коэл Транс" ХХК-ийн зүгээс ямар нэгэн албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.
Бидний зүгээс тэмцлээ улам бүр эрчимжүүлж байна. Одоогийн байдлаар олборлолтын үйл ажиллагаа зогссон учраас ТОСТ, ТОСОН БУМБА үндэсний хэлэлцүүлгээ өргөжүүлэн 7 сарын 29-нд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо, 8 сарын 9-нд Улаанбаатар хотноо Төрийн ордонд хоёр үе шаттай зохион байгуулахаар ажиллаж байна. Хэлэлцүүлэг зохион байгуулах, Засгийн газраас хамтарсан ажлын хэсэг шалгалт хийх зэрэг үйл явдлын цаг хугацаатай давхцуулан уурхайн зүгээс сайн дураараа үйл ажиллагаагаа зогсоож, техникээ татаж байгаа нь илүү их сэжигтэй байдлыг үүсгэж байна. Бид өнгөцхөн үйлдэл, тодорхойгүй шийдвэр төдийхөн зүйлд хууртагдахгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Хууль бус уурхайг бүрмөсөн хааж, лицензийн талбайг тусгай хамгаалалтанд авхуулах хүртэл тэмцлээ зогсоохгүй гэдгийг хатуу мэдэгдэж байна.
Бидний тэмцэл үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Хууль бус уурхайг зогсоосны дараа нөхөн сэргээлтийн асуудал, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг хуулийн хүрээнд ээлж дараалан тавих болно. Бид эцсийг нь хүртэл энэ асуудлын араас явах болно. Харин иргэдийн зүгээс оролцоогоо нэмэгдүүлэхийг хүсье.