07/04/2021
ХЭРХЭН БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АМЬДРАХ ВЭ?
Эко амьдрал, органик, хог хаягдалгүй амьдрах гэх зэрэг үгс бидэнд хэдийнээ танил болоод байгаа билээ. Үр хүүхэд, хойч үе минь үлдэх хорвоо гэж бодохоор хүн бүр байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалж амьдрахыг хүсэх нь дамжиггүй. Бид байгаль дэлхийгээ хайрлахын тулд өөрийн өдөр тутмын амьдралын хэв маяг, худалдан авч, эдэлж хэрэглэж буй зүйлсдээ онцгой ач холбогдол өгөх нь зүйтэй юм.
Эко, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд нэг өдөр хангалтгүй тул аажмаар суралцан, гэр бүлийн гишүүддээ үлгэрлэн таниулах, хэрхэн урт хугацаанд байгальд ээлтэй сонголт хийх боломжтой талаар энэ удаагийн нийтлэлдээ дурдлаа.
🌱Байгальд ээлтэй амьдралын хэв маягт суралцах
Байгальд ээлтэй байх нь энгийн зүйлээс эхэлнэ. Эргэн тойрныхоо ногоон ургамлыг хайрлан хамгаалж, орчноо тохижуулан мод тарих гэх мэт хүрээлэн буй орчныхоо мод, бутыг хайрлан хамгаалахаас эхлэх. Учир нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй агаарын чийгшлийг 4-7% нэмэгдүүлж, дуу чимээг намсгаж, зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэх зэрэг олон ач тустай зүйл билээ.
Түүнээс гадна ирээдүй болсон бяцхан үрсдээ багаас нь байгаль дэлхийтэй хэрхэн зөв зохистой харьцах талаар хүмүүжил олгох нь нэн чухал. Учир нь багадаа сурсан зүйл хүний насан туршийн зан төлөвт шингэж, дадал зуршил болон үлддэг гэсэн эрдэмтдийн судалгаа бий.
🌱Байгальд ээлтэй эд зүйлд хөрөнгө оруулалт хийх
Бидний өдөр тутмын хэрэглээнд хуванцар эд зүйлс дийлэнх хувийг эзэлдэг. Бүр цаашлаад бидний өмсдөг хувцсанд хүртэл хуванцар агуулагдах нь бий. Тиймээс аажмаар гэр доторх хуванцар эдлэлээ багасган, шил, мод, даавуу, олс, таар, хөвөн гэх мэт байгалийн гаралтай болон байгальд хурдан задардаг удаан эдэлгээтэй материалаар хийгдсэн эд зүйлсэд хөрөнгө оруулалт хийх нь санхүүгийн хувьд ч хэмнэлттэй шийдэл юм. Сүүлийн үед байгальд хурдан задардаг эко хуванцарыг бүтээгээд байгаа билээ. Тиймээс аливаа бүтээгдэхүүнийг худалдан авахдаа сав баглаа боодлыг нь ч харгалзан үзэх хэрэгтэй.
🌱Ногоон бизнесийн чиг хандлагыг дэмжих
Дэлхийн улс орнууд цаг уурын өөрчлөлтөд дуу хоолойгоо хүргэн хөгжлийнхөө чиг хандлагыг “Ногоон” хөгжилд нийцүүлэхийг илүүд үзэх болсон. Ялангуяа бизнес эрхлэгчдэд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаагаа явуулахыг цаг үе нь шаардаж байна. Тиймдээ ч ногоон бизнесийн үйл ажиллагааг дэмжин байгальд ээлтэй сонголт хийх нь бидний бас нэг томоохон үүрэг юм. Үүний нэг бол Эко Плас билээ.