МАЖА
2022 оны 01 сарын 02
Ардчилсан хөрөнгөтний Монгол улсын Улаанбаатар нийслэл
“Аялал жуулчлал гэж юу вэ?” гэдэг асуултын хариултыг олохын тулд олон жилийн хугацаанд өөр өөр үүсэл гарал, шашин шүтлэг, төр нийгмийн зохион байгуулалттай олон улсын мянга мянган хүмүүстэй уулзаж, ажиглалт судалгаа явууллаа.
Би олон улсын харилцааны мэргэжилтэн ч, аялал жуулчлалыг судлаад байгаа нь дараах шалтгаант
ай юм.
Хоёр зуу гаруй жил болсон Демократия гэх гадаадын хуучны, хоцрогдсон тогтолцоог өнгөрсөн зууны ерээд оны үед “Ардчилал” нэрээр Монголдоо нэвтрүүлснээс болж Дэлхийн хамгийн эртний, өнөөг хүртэл оршин буй аугаа соёл иргэншил уруудаж, түүхэндээ хамгийн ёроол цэгтээ хүрсэн билээ.
Ямар ч хамаагүй аргаар мөнгө олж, гоё байшин, машин, тансаг амьдралтай болно гэсэн гадаад мөрөөдөлтэй мэдлэг боловсрол, эх оронч сэтгэлгүй хүмүүс “Демократия” буюу “Мөнгөтэй хүн л төрийн тамга атгана” гэсэн тогтолцоог ашиглан Монголын Төр, засагт олноор орж Эх орноо хямруулсаар байна.
Тэдний хийсэн хамгийн том нүгэл нь Их Эзэн Хааны Монгол Үндэстний газрыг “Лиценз” нэрээр гаднынханд зарж, уул уурхайгаар онгон нутаг, Тэнгрийн орныг маань дахин нөхөгдөхгүй болтол сүйрүүлсэн явдал юм.
Өнө эрт дээр үеэс өвлүүлж ирсэн “Тэнгри шүтээн” гэдэг бол шашин, мухар сүсэг биш, харин орчлонгийн үнэнийг огоорсон эртний соёл иргэншлийн шинжлэх ухаан билээ.
“Хүмүүн дүрст нь, дотроо зүрхтэй, нэг цээж, таван үе мөчтэй, гадаргуйн 70 хувь нь устай, гол мөрөн нь судас болдог, Тэнгри эцгээр хамгаалуулсан Дэлхий Ээжийгээ дуурайсан“ гэдгийг өвөг дээдэс маань аль эрт ойлгоод, бидэнд өвлүүлсэн шүтээн.
“Дэлхий Ээж дээр байгаа бүх юм амьтай” гэсэн сургаал нь үнэн болохыг орчин үеийн шинжлэх ухаан аль эрт баталсан.
Гэтэл бид өөрсдийнхөө амьдарч буй Дэлхий эхээ “байгалийн баялаг” гэж буруу нэрлэн сүйрүүлж эхэлсэн нь, Байгаль эхээ хайрладаг Тэнгри шүтээнтэй Хүн гаралт Монголчуудын тархи хир их угаагдаж, бохирдсоны хамгийн тод жишээ мөн.
“Демократия” гэх гоё нэртэй Капиталист-хөрөнгөтний тогтолцооноос болж нураад 15 жил хямарсан Монгол улсаа аварч, өндөр хөгжүүлэх арга нээж илрүүлэхээр Бат овогтой Жамбалсүрэнгийн Золбаяр, Амай би 2005 оны намар Дэлхий судлалаа эхлүүлсэн билээ.
Өндөр хөгжилтэй гэх орнууд шиг ард иргэдээ өр, зээлийн дарамтад оруулахгүй, ядуу орнууд шиг ахан дүүсээ гадаадад ажлын боол болгохгүй, гэр бүл, үр хүүхэд, аав ээжийнх нь хажууд, амар тайван амьдруулах арга зам олох нь “Амай Монгол Бадарчин” төслийн гол зорилгуудын нэг байсан юм.
Даяанчлал, Бадарчлалын 14 жилийн хугацаанд, Хүмүүн төрөлхтний XXI зууны эхэн үед хамгийн өндөр хөгжилтэй болон буурай хөгжилтэй, өөр өөр шашин шүтлэг, улс төрийн тогтолцоо, нийгмийн зохион байгуулалттай 88 улсыг биеэрээ туулж, амьдралыг нь судлахдаа, Монголдоо хэрэгтэй болгоныг тэмдэглэн, фото зурагтай нь хамт www.amai.mn -д хадгалсан.
“Хүмүүн юу хүсдэг вэ? гэдэг асуултыг дэлхийн өөр өөр үүсэл гаралтай янз бүрийн хүмүүсээс асуухад, “Дэлхийг тойрох, аялах” гэсэн хариултыг ихэнхдээ сонссон болохоор эрэлт ихтэй энэ салбарыг сайн судалж, Монголдоо хөгжүүлэхээр шийдсэн юм.
Хүмүүн нь уйдамтгай зантай болохоор шинийг эрэлхийлж, адал явдлыг ямагт үгүйлдэг. Бас кино, зурагтаар үзсэн, эсвэл сонссон гаднын сонирхолтой газар очиж үзэхийг мөрөөддөг. Нүүдэлчдийг бодвол суурин соёл иргэншлийнхэн нэг газраа удаан амьдардаг тул, өдөр бүр давтагддаг амьдралаасаа залхаж, зугтахыг хүсдэг болохоор Аялал жуулчлал нь дэлхийн хамгийн их мөнгө эргэлддэг салбаруудын нэг юм байна.
Шинэ газрын сонин хачин зүйлийг нутагтаа, өөрийн хүмүүстээ хүргэх хүсэл тэмүүлэлтэй судлаачид, цусаа хөөргөж, хүчээ барахыг хүсдэг аялагчид, тайван орчинд өөрөө өөртэйгөө байхыг хүсдэг амрагчид, шинэ сонин зүйлээр оюун ухаан, сэтгэлээ цэнэглэдэг жуулчид гэсэн төрөл бүрийн хүмүүс аялж байна.
Гаднын жуулчдыг санхүүгийн бололцоогоор нь ангилбал, гэр бүлээрээ сар аялахад хэдэн төгрөг ч гарсан төлөхөд асуудалгүй жуулчид, гэр бүлээрээ аялахдаа арваас хорин мянган ногоон зарцуулах төсөвтэй жуулчид. Аль болох хямд аялах бодолтой жуулчид гэж хувааж болно.
Цөөн хүн ам, ажиллах хүчинтэй Монгол улсын аялал жуулчлалын бодлого нь эхний хоёр хэрэглэгчдэд зориулагдсан байх хэрэгтэй.
“Монгол улсад ямар төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлбэл ард иргэдэд аюулгүй, эдийн засагт сайн нөлөөтэй вэ?” гэж Дэлхийн аялал жуулчлал дунд арван хэдэн жил амьдарч, дотроос нь судалсан надаас асуувал “Гэр бүлийн аялал жуулчлал”-д анхаарлаа хандуулбал маш зөв гэж хариулах болно.
Монголын газар зүйн байрлал, хүн ам, улс төр эдийн засгийн байдлыг Дэлхийн улс орнуудынхтай харьцуулж судлаад, Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том судас, төв дээр байрлаж буй Монгол улс маань аялал жуулчлалын салбараа мэргэжлийн төвшинд хөгжүүлэх юм бол хүн амынхаа гучаас илүүгүй хувийг ажил орлоготой болгож, тансаг сайхан амьдруулах боломж байгааг “Дэлхийн аялал жуулчлал” гэдэг том салбарын дотор нь орж, олон жил биеэрээ мэдэрч судалсан хүний хувьд олж харсан.
Аялал жуулчлалын салбарын хамаарал, барьцаанд ороод, олон тооны зочин хүлээн авахын тулд өөрсдөө аюулгүй орчинд амьдрах орон зайгүй болсон, байгалийн хамаг сайхан газраа аялал жуулчлалын хөрөнгө оруулалт нэрээр гаднынханд зарсан, залуу үеийнхээ биеийг мөнгөөр үнэлүүлж байгаа олон улс, орны алдааг харсан болохоор гучаас илүүгүй хувийг гэж урьдчилан сэргийлж байгаа хэрэг юм.
Аялал жуулчлалын салбар нь эдийн засаг, соёл урлаг, дотоодын тээвэр, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, олон улс дахь байр суурийг бэхжүүлдэг ч бодлогогүй, буруу хэрэгжүүлбэл байгалийг сүйрүүлж, иргэдийг боолчилж, элдэв халдварт өвчин тарааж, буруу номлолоор улс орныг дотроос нь задрааж, газар нутагт нь гаднынхан олноороо суурьшдаг маш аюултай салбар болохыг бас бодит байдлаас мэдлээ.
Монголдоо аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд Дэлхийн хамгийн олон жуулчин авдаг улс орны аялал жуулчлалын салбаруудад нь ажиллаж, туршлага судлаад, энэ салбар нутгийн иргэдийн амьдралд нь сайнаар болон сөргөөр нөлөөлсөн жишээнүүдийг газар дээр нь тэмдэглэж авлаа.
Урьдчилан мэдсэн байна гэдэг бол хамгаалагдана гэсэн үг.
Улс орны тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой салбар тул бодлогоо анхнаасаа зөв тодорхойлж, хүлээн авах хүний тоон хязгаарлалтаа үндсэн хуулиндаа заахгүй бол нэг өдөр хяналтгүй нэвтэрсэн гаднынхан олонх болж, цөөн хүн амтай манай улс уусаж, эзлэгдэх аюул бас бий.
Аялал жуулчлал хөгжүүлж байгаа гээд Монголын онгон тал нутгаа машинтай гадаадуудын дугуйнд сийчүүлэхгүйн тулд, цөөн тооны өндөр өртөг төлөх боломжтой жуулчдыг тусгай хөтөлбөр, зам, бодлогын дагуу хүлээн аваад, нутгийн иргэдийн амьдралд саад болохгүй аян замд нь үддэг маш нарийн зохион байгуулалттай хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай байна.
Монголчууд эх орондоо гаднын нөлөөгүй амар сайхан амьдралаа үргэлжлүүлэх тийм бодлого хэрэгжүүлэх нь аялал жуулчлал хариуцсан яамны гол үүрэг билээ.
Аялал жуулчлалыг зөв хөгжүүлснээр Дэлхийд тэргүүлэх чанарын үндэсний бүтээгдэхүүнүүдээ гадагш экспортлох гэж татварын хөнгөлөлт, хил гааль, унаа тээвэрт санаа зовохгүй болж, худалдан авагчид өөрсдөө ирээд үнэ хаялцуулан авдаг тансаг зах зээлийг нутагтаа бүтээж болно.
Монгол улсын аялал жуулчлалын суурь болсон байгаль орчин маань Дэлхийд тэргүүлэх зэрэглэлийнх болохоор барилга байшин, хөшөө барьж, мөнгө төгрөгөө дэмий үрснээс, хэний ч зохиогоогүй тийм адал явдалтай, сонирхолтой аялал жуулчлалын хөтөлбөр санал болговол олон улсын аялал жуулчлалын дунд бид цоройгоод гарч ирэх болно.
Өндөр хөгжилтэй орнуудын жуулчид ихэвчлэн багаасаа гэр бүлтэйгээ аялаад үзсэн байдаг тул тэдэнд тансаг ариун цэврийн өрөө, хөшөө дурсгал, эртний хот суурингууд сонин биш болсон, шинэ зүйлийг хүсдэг. Түүнийг нь бүтээх хэрэгтэй.
Хэдийгээр аялал жуулчлал нь Монгол үндэстэнд аюултай ч, зөв бодлоготой хэрэгжүүлбэл, уул уурхайгүй эдийн засгаа босгож, улсаа хөгжүүлэх боломжтой том салбар билээ. Монголын хөгжил, тусгаар тогтнолын нэг түлхүүр бол аялал жуулчлал мөн.
Дэлхийд аялал жуулчлалыг хөгжүүлээд эдийн засгаа зөв авч яваа улсуудыг хараад байхад маш сайн цогц бодлого хэрэгжүүлж, соёл урлаг, эдийн засаг, үндэсний үйлдвэрлэл, дэд бүтэц, бусад салбаруудаа санхүүжүүлж, хөгжүүлдэг нь илт байна.
Аялал жуулчлалын салбар уул уурхайгаас хэдэн зуу дахин их мөнгө олдог болохыг Дэлхийн хамгийн их аялал жуулчлалтай Франц улс, Египет улс, Амстердам хотын жишээнээс харж болох ч алдаа гаргавал улс үндэстнийг хохироох аюул агуулж байдгийг бас мартаж огт болохгүй!
“Монголд хуучны барилга байгууламж, хөшөө дурсгал байхгүй учраас жуулчин ирэхгүй байна” гэж ярьдаг, энэ салбарыг огт мэддэггүй хүмүүс олон бий.
Хэрвээ жуулчин түүх дурсгалт барилга байшин үзье гэвэл мэдээж Франц, Итали, Египет, Дундад улсуудыг сонгоно. Далайн амралтыг хүсвэл Хавай, Бали, Карибын тэнгист зочилно.
Тэгвэл “Бидэнд юу байна аа?” гэж үү?
1. Дэлхий Ээжийн гол тивийн цээж өндөрлөгт амьдардаг бидэнд Шиврийн ойн бүтээсэн хэмжээгүй их хүчилтөрөгч, сэнгэнэсэн цэвэр агаар байна.
2. Аж үйлдвэрийн бохирдол хүрээгүй цэвэр цэнгэг ус байна
3. Сүүн тэжээлт, махан идэшт араатны төрлийн хүмүүн дүрстийн хувьд хамгийн амттай, бас эрүүл хоол унд байна.
4. Бидэнд зун, өвөл, хавар, намар байна.
5. Тэнгэр тулсан уулс баруун зүгт, сая сая зээр бэлчдэг хязгааргүй тал зүүн зүгт, элсэн манхан эртний тэмээтэй говь өмнө зүгт, цэвэр усны нөөцтэй, ширэнгэн ойн бүс хойд нутаг байна.
6. Хөдөө хээр майхнаа зоогоод амьдрахад айх зүйлгүй, амар тайван, аюулгүй ертөнц байна.
6. Жилийн ихэнх өдөрт нартай, сая сая ододтой тэнгэр байна.
7. Бидэнд хязгааргүй эрх чөлөөтэй амьдрал, онгон байгаль, дэлхийн хамгийн сүүлийн амьд түүх, Тэнгри шүтээнтний нүүдлийн соёл иргэншил байна.
8. Дэлхийн олон асуудлуудаас хамгаалагдсан бүсэд бид оршиж байна.
Хүмүүн төрөлхтний нүдийг хужирлан, сэтгэлийг нь дэвтээж, ядаргааг нь тайлах ер бусын ертөнц зөвхөн бидэнд л байна.
“Бид Диваажинд амьдарч байна”
Өөрийн нэгэн тэмдэглэлдээ “Манай Тэнгри шүтээнтний соёл иргэншил нь дэлхийн хамгийн эртнийх” гэж тайлбарлаж байсан.
Хүмүүн дүрст гартаа мод чулуу барьж, зэрлэг амьтад агнаж байгаад гаршуулж эхэлсэн үеэс манай түүх эхэлсэн.
Дараа нь газар тариалан эрхэлсэн цагаас суурин соёл иргэншил үүсэж, тэр нь хөгжсөөр хотын соёл иргэншил болсон.
Эртний соёл иргэншлүүд үр тарианаас хамаарч амьдардаг суурин соёлд шилжихэд бид нүүдэллэж байсан.
Ромчууд Европын соёл иргэншлийн суурийг бүтээх үед бид байж л байсан. Америк, Япон, Европын суурин соёл иргэншил өнөөдрийн төвшинд хүрэхэд бид өв соёлоо хадгалсаар ирсэн.
Тэнгри шүтээнтэй, нүүдлийн соёл иргэншлээ хадгалсан өнө эртний өвөрмөц соёл иргэншил шүү дээ бид.
Зарим Монголчууд үүнийг хоцрогдол гэж бодож байгаа байх.
Бусад шиг байгалиа сүйрүүлээгүй тул бид түрүүлж явна.
Сайхан барилгуудтай Парисын гудамжаар алхаж байхад соёл иргэншлийнх нь түүх харагддаг ч хүмүүс нь орчин үеийнх болсон байдаг.
Харин Монголын хээр талд мянга мянган жилийн түүхтэй Тэнгри шүтээнтнүүд хэв маягаа өөрчлөөгүй оршсоор.
Монголын нүүдэлчид бол өмнөх түүхийн өнөө цагийн амьд жишээ, аялал жуулчлалын гол үзвэр, бахархлуудын нэг юм.
Ихэнх нутгаа хувьчилж, хашаа, барилгуудын дунд амьдралаа өнгөрөөдөг барууныхан бидэн шиг тал нутгийн тэнүүн жаргалыг бараг мэддэггүй.
Орон сууц болон өр зээлээ төлөх гэж амьдралын хагасыг зарцуулдаггүй, онгон байгальд гэр бүл, үр хүүхдийнхээ хамт амьдарч, танихгүй зочинд цай, хоол хийж өгөхийг хүн чанар гэж боддог тийм сайхан соёл иргэншил Дэлхийд цөөн үлджээ.
Тиймээс насаараа өрөө төлөх гэж амьдардаг хөрөнгөтний нийгэм, өрийн дарамттай амьдрал, гаднын соёлоос Тэнгри шүтээнтний соёл иргэншлээ хамгаалах хэрэгтэй.
Онгон дагшин байгалиа хамгаалан үлдвэл Египетийн Пирамид, Хятадын цагаан хэрэмнээс ч үнэ цэнэтэй, бидний барагдашгүй арвин баялаг мөн.
Үзэсгэлэнтэй сайхан газар нутагтай цөөхөн Монголчууд бид ухаалаг сэтгэж, оюун бодол, сэтгэлээ ажиллаж чадвал аялал жуулчлалыг хангалуун сайхан амьдралын үндэс болгож болмоор санагдаж байна.
“Хотоос нэг цагийн зайд, ямар ч хүнгүй хээр талд цаг хугацаагаар аялж, таны мэддэг Чингис Хаан, Аттилагийн үеийн Тэнгри шүтээнтнийг харж болно” гэж гаднынханд тайлбарлахад нүд нь орой дээрээ гардаг.
Бид өнө эртний түүх, өв соёл, ёс заншлаа уламжилсаар байгаа учир энэ л бидний гол бахархал.
Үүнийг л ойлгож, ухаарах хэрэгтэй.
Аялал жуулчлалаа сайн хөгжүүлж, сурталчилж чадвал гуравхан сая хүн амтай бид, уул уурхайгаар байгаль дэлхийгээ устгалгүйгээр сайхан амьдарч болно.
“Явсан хүнээс үг сонс”
Фейсбүүкийн МАЖА буюу “Монголын аялал жуулчлал-Амай” хаягийг дагаж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаардлагатай зүйлүүдийн талаар олж мэдээрэй.
Фейсбүүкийн Амай “Тэнгри лэнд” төслийг дагаж, Монголоо гаднын хүмүүний нүдээр хараарай.