23/08/2024
Нүдний хараагаа хэрхэн сайжруулах вэ? 👀
Нүд бол хүнд заяасан 5 мэдрэхүйн эрхтний нэг бөгөөд нүдний тусламжтайгаар бид хорвоо дэлхийн хамгийн сайн сайхан бүхнийг харж чаддаг. Гадаад орчны талаар мэдээллийн 90%-ийг бид нүдний тусламжтайгаар авдаг гэсэн баримт бий. Тиймээс хараа муудах гэдэг тийм ч таатай зүйл биш бөгөөд амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг гэдэгтэй та санал нэгдэх биз.
1. Хараа яагаад мууддаг вэ?
Ерөнхийдөө хараа муудах нь нүдийг хэт их ачаалсны улмаас түр муудах эсвэл байнга муудах гэсэн 2 төрөлтэй байдаг. Хараа муудахад маш олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд түүнээс дурдвал:
- нүдний архаг ядаргаа
- дэлгэцийн өмнө удаан хугацаанд ажиллах
- гар утас удаан үзэх
- дутуу нойртой явах
- бие организм дахь амин дэмийн дутагдал
- амьдралын буруу зуршил
- хэд тод эсвэл хэт бүдэг гэрэлтэй орчинд ажиллах
- нүдний дасгал хийхгүй байх
- нүд хуурайших
- удамшилт
2. Гэрийн нөхцөлд хэрхэн хараагаа сайжруулах вэ?
Нүдний хараа муудах үед нэн түрүүнд нүдний мэргэжлийн эмчид хандаж, онош тогтоох хэрэгтэй. Онош дээр үндэслэж эмч танд зөвлөгөө өгч, эмчилгээ бичиж өгнө. Хараа муудсан тохиолдолд дараах ерөнхий зөвлөмжийг барих хэрэгтэй. Үүнд:
- компьютерын ард тогтмол суудаг бол 30-50 минут тутам амрах
- ухаалаг төхөөрөмжөөс ямар нэг зүйл уншиж байгаа бол гэрлийг нь бүдгэрүүлж, үсгийг томруулах
- ухаалаг төхөөрөмж үзэж байгаа тохиолдолд тогтмол нүдээ анивчих
- яваагаараа ном уншихгүй байх
- цаасан ном уншиж байгаа тохиолдолд 30см, компьютер дээр ажиллаж байгаа бол дэлгэц 50-60см-ийн зайтай байх
- шөнө дунд болохоос өмнө унтах
- өдөрт 8-аас багагүй цаг унтах
- өдөр бүр цэвэр агаарт алхах
- тамхинаас татгалзах
- эмчийн зааврын дагуу массаж хийх
- нүдний дасгал хийх
- А амин дэм, омега, нэрс, лууван, ногоон ногоо, хүрэн манжин, хулуу, загас, ээдэм зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглэх
- нүдний ариун цэврийг сахих
3. Нүдний дасгал хийх
Нүдний хараа сайжруулах маш олон төрлийн дасгал байдаг учир өөрт тохирох дасгалаа эмчийн заавраар хийсэн нь илүү тохиромжтой. Нүдний дасгалын төрлүүд:
- 2 минутын турш нүдээ хурдан анивчих
- хэсэг хугацаанд холын зүйлийг ширтэж, дараа нь нүдний ойролцоо байгаа зүйл рүү хараагаа шилжүүлэх
- нүдээ 5 секундийн турш чанга аньж, дараа том нээх
- 3 хуруугаараа зовхиныхоо дээд талд 1-2 секунд дарж, дараа нь нүдээ нээх
- дээш, доош, баруун, зүүн тийш нүдээ эргэлдүүлэх
- нүдээрээ квадрат зурах, S үсэг зурах
Эдгээр дасгалыг өглөө оройдоо болон ажлынхаа завсарлагааны үеэр хийх хэрэгтэй.
4. Нүдний амин дэм
Нүднийхээ харааг сайнаар нь хадгалж үлдэхийн тулд нүдэнд тустай амин дэмтэй бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай. Нүдэнд сайнаар нөлөөлөх амин дэмүүдэд:
- А амин дэм болон бета-каротин
- родопсин – лууван (нүдний болор бүдгэрэх, толбо үүсэхээс сэргийлэх)
- С амин дэм – шар бие үүсэхээс сэргийлж, антиоксидант үйлчилгээтэй. Жүрж, киви, гүзээлзгэнэ, брокколи, амтат чинжүүнд агуулагддаг.
- Е амин дэм – бүйлс, самар, хушны самарт бий.
- Лютеин – нүдний эвэрлэг бүрхэвчинд агуулагддаг бөгөөд нүдний болор бүдгэрэх, шар бие үүсэхээс сэргийлэхээс гадна антиоксидант үйлчилгээтэй. Бууцай, байцай, манжинд агуулагддаг.
Амин дэмтэй бүтээгдэхүүнийг хүнсэндээ тогтмол хэрэглэх нь нүдний хараанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй бусад эд эрхтний үйл ажиллагаанд ч сайнаар нөлөөлнө гэдгийг санаарай.
5. Тамхи нүдний хараанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Тамхинд агуулагдах никотин болон цианид нь нүдний хараанд маш сөргөөр нөлөөлнө.. Дам тамхидалтад өртөж буй хүмүүс ч гэсэн тамхи татдаг хүнтэй ижил хорддог бөгөөд тамхины утаа нь нүдэнд дараах байдлаар нөлөөлдөг аж.
- нүдийг үрэвсүүлнэ
- харшил үүсгэх магадлалтай учир нүдний салст бүрхэвчийг үрэвсүүлнэ
- нүдний судас болох “увеит”-ыг гэмтээх бодис агуулсан байх магадлалтай
- судасны хана зузаарч, цус өтгөрөх нөхцөлийг бүрдүүлнэ
- нүдний болор бүдгэрэх
Хэрвээ таны хараа муудаж эхэлсэн бол тамхинаас татгалзах хэрэгтэй бөгөөд эс тэгвээс таны хараа бүр л муудна гэдгийг санаарай.
6. Хараа муудах нь удамшдаг уу?
Хараа муудах нь удамшилтай холбоотой байх магадлалтай. Гэхдээ энэ нь заавал хараа муутай хүүхэд төрнө гэсэн үг биш юм. Хэрвээ эцэг, эх нь хоёулаа хараа муутай бол хүүхэд харааны асуудалтай байх магадлал 80%, харин эцэг эхийн аль нэг нь хараа муутай бол хүүхэд харааны асуудалтай болох магадлал 30% байдаг гэнэ.
Гэр бүлийн хэн нэгэн хараа муутай байх үед хүүхэд 100% хараа муутай болно гэсэн үг биш. Тиймээс хэрвээ гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь харааны асуудалтай бол хүүхдээ энэхүү эрсдэлээс хамгаалж, сайн унтуулах, зөв хооллох, амьдралын идэвхтэй хэв маягийг дэмжих, өдөр бүр цэвэр агаарт алхах, зураг үзэх, гар утас, ухаалаг төхөөрөмжийн хэрэглээг хязгаарлах хэрэгтэй. Зарим тохиолдол урт хугацааны эмчилгээ шаардагдах бөгөөд хараа муудах шинж тэмдэг ажиглагдвал нэн даруй нүдний эмчид хандаарай.