18/07/2023
***** ИХ ГАЗРЫН ЧУЛУУ *****
Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумын нутагт орших Их газрын чулууны уул нь Монголын их боржин чулууны хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц босоо тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг юм.
"Их газрын чулуу” нь далайн түвшнээс 1565-1709 метр өргөгдсөн боржин, асмалжин, толбожин гэх мэтийн гүний чулуулаг, пермь, цэрд, гурав дахь галвын элсэн чулуу, нүүрслэг занар, алаг мөлгөр хөрзөн, шохойн чулуунаас тогтсон байна.
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий 20 орчим км үргэлжилсэн хэвтээгээр өрсөн мэт боржин чулуун бүс нутагт 142 зүйлийн бэлчээр тэжээлийн ургамал байдаг.
Олон төрөл зүйлийн амьтдаар баян энэ газар аргаль, янгир, цагаан зээр, үнэг, хярс зэрэгтэй таарах нь энгийн үзэгдэл.
"Их газрын чулуу" уулын бүсэд Тоонот, Агуйт, Эхийн умай, Рашаант зэрэг 40 гаруй агуй байдаг бөгөөд агуйнууд нь үзэж сонирхоход газрын бартаа багатай, хоорондоо ойрхон орших тул явган аялал хийхэд тохиромжтой.
Хамгийн өндөр цэг нь 1706 м өндөр Ерлөг уул юм. Энэ газрын боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх бөгөөд тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор онд Их газрын чулууны уулнаа байгалийн задгай театр байгуулсан нь Монголдоо анхдагч болсон юм. Театрын тайзны диаметр нь 18 метр буюу радиус 9 метр бөгөөд 1 метр 40 сантиметрийн өндөртэй.
Энэхүү задгай театрын тайзнаа 2006, 2013 онд хоёр удаа Олон улсын урлагийн наадам, 2019 онд “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг зохион байгуулж байсан.