09/09/2020
СҮҮНИЙ ӨРӨМ ЗУЗААН УУ?
Өдөр тутам хэрэглэдэг сүүгээ худалдаж авах гэж байгаа бол та бүхэн барагтаа л андахгүй. Сэгсэрч, амталж, эргүүлж, тойруулж байгаад л хамгийн сайныг нь сонгоод авчихна. Харин та хөрөнгийн захаас “СҮҮ” –гийн хувьцааг худалдаж авах гэж байгаа бол юуг анхаарах вэ?
Манай улсын нэг хүнд жилд 12 литр сүү ногддог(зөвхөн сүүгээр тооцсон). Мэдээж энэ тоо нь сүүний үйлдвэрлэлээс л тооцсон үр дүн. Тоо статистикаас гадуурх сүүний хэрэглээ бол манайд ч харин бий дээ. Монгол хүн гэдэг төрөхдөө эхийн сүү, өтлөхдөө малын сүүг уусаар хорвоог үддэг юм уу даа.
Тиймдээ ч бидний өдөр тутмын хэрэглээ болсон сүү цагаан идээ нь хямралд барагтай л өртдөггүй. Эдийн засаг хэчнээн хямарлаа ч мах, сүү, гурил 3-аа барагтаа л танахгүй шүү. Иймээс хямралд бага өртөх хөрөнгө оруулалтуудын нэг болно.
Сүүний өрөм нь зузаан уу?
Энэ бол хамгийн сонирхолтой хэсэг бөгөөд таны хийж буй хөрөнгө оруулалт хэр зэрэг үр өгөөжтэй вэ? гэдэгт хариулт өгнө. Өнөөдөр банкны хадгаламж хамгийн найдвартай хөрөнгөө өсгөх бүтээгдэхүүн болж буй. Банкны хадгаламжийн хамгийн өндөр хүү нь 13 хувьтай. Тиймээс та богино хугацаанд мөнгөө өсгөж, үржүүлж, үр шимийг нь хүртэх гэж байгаа бол банк илүү тохирно.
Харин тухайн бизнест урт хугацааны хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол ирээдүйд таныг хүлээж буй үнэ цэнийг харах ёстой. Нэгэн жишээ авъя. 2008 онд СҮҮ-гийн хувьцаа 1 төгрөг байв. Тухайн үед та 100 мянган төгрөгийн хувьцаатай байсан гэж бодъё. Харин 2020 онд СҮҮ -гийн хувьцаа 200 төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 12 жилд хувьцааны үнэ 200 дахин өсжээ(хувиар бол 19,900%). Харин таны 100 мянган төгрөг 20 сая төгрөг болох байлаа. Тэгэхээр урт хугацаагаа харвал өрөм хэчнээн зузаан болох нь харагдаж байна. Алсын хараатай, урт хугацааг харсан хөрөнгө оруулагч л 100 мянган төгрөгөөр байрны урьдчилгаа хийж чадаж байна.
Ногдол ашиг авах уу?
СҮҮ нь сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 49 хувийг дангаараа бүрдүүлдэг. Та СҮҮ-гийн хувьцааг авч, хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол жилд дунджаар 22 хувийн өгөөжтэй бизнес гэсэн үг. Мэдээж энэхүү ашгийнхаа тодорхой хувийг нь ногдол ашиг болгон тараана.
2017 оноос хойш СҮҮ нь 5.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан бөгөөд 2020 онд 1.7 тэрбум төгрөгийг ногдол ашиг тараахаар төлөвлөж байна.
Дээр авсан жишээтэй уялдуулан таны 100 мянган ширхэг хувьцаа нь 2017–2020 онуудад хэдий хэмжээний ногдол ашиг авах байсныг тооцъё.
Нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээнээс тооцвол, 2017 онд 1 сая төгрөг, 2018 онд 300 мянган төгрөг, 2019 онд 333 мянган төгрөг, 2020 онд 500 мянган төгрөгийг тус тус ногдол ашгаас авахаар байжээ.