29/09/2023
Японд амьдарч байхад нүдийг минь нээсэн 17 ЧУХАЛ ХИЧЭЭЛ-ийг доор жагсаав. Үүнд:
1.Талархлаа үргэлж илэрхийлэх.
Японд хэн нэгний хүргэсэн ач тусыг зүгээр хүлээн авах бус, аль болох чадлынхаа хэрээр заавал хариу барьдгийг сурна. Бичээгүй талархлын захидлаа санаж байна уу? Худалдаж авчихаад илгээгээгүй төрсөн өдрийн мэндчилгээ байгаа юу? Ийм зүйл Японд хэзээ ч тохиолдохгүй. Хариу талархал илэрхийлнэ гэдэг бол сэвгүй харилцаанд тавих эн тэргүүний шаардлага юм.
Магадгүй илүү олон сонголт байдаг учраас хариу талархал илэрхийлэхийг Японд илүү амар хялбар болгосон байж болох юм. Хэрэв хэн нэгэн чамд шинэхэн авсан буйданг гэр рүү чинь оруулахад тусалсан бол, өөрийн талархсанаа илэрхийлэн ундааны автомат машинаас нэг хүйтэн ундаа аваад өгөхөд хангалттай. Хэн нэгний төлөө хийсэн бараг бүх зүйл араасаа хүндлэл дагуулна.
2.Дахин уулзахдаа талархлаа илэрхийлэх
Япончууд хариу талархлаа тэр дор нь илэрхийлээд зогсохгүй, нөгөө хүнтэйгээ дараагийн удаа таарахдаа ч, талархлаа дахин илэрхийлэхээ хэзээ ч мартдаггүй. Үүнийг та хэт их хичээсэн мэт үзэж болох ч, та талархлыг нь хүлээн авч буй нэгэн бол “Тэр өдөр буйданг өргөхөд тусалсанд чинь баярласан шүү” гээд чамд хэлэхэд үнэхээр сайхан санагдана.
3.Эелдэг зан нь тэгнэ үү, баярлалаа гэдгээр хязгаарлагдахгүй
Эелдэг зан бол Японы соёлын салшгүй нэгэн хэсэг бөгөөд, энэ бол хүмүүс хоорондоо ярихад, худалдагч таныг хаалга хүртэл гаргаж өгөх, ресторанд ороход таны өөдөөс мэндчилэх, нөхөрсгөөр угтахад хүртэл бат шигдсэн байдаг.
Хэрэв аль нэгэн газар зогсоод очих гэсэн газрынхаа байршлыг асуувал, та маш тодорхой байдлаар гараар зурсан газрын зурагтай болох, эсвэл худалдагч байрлалаа орхиод таныг зөв замдаа орох хүртэл чинь хамт дагдалдах жишээтэй. Эелдэг байна гэдэг бол хувиа бага хичээж, өөрийгөө бусдын төлөө зориулах явдал юм.
4.Бусдыг эхэнд тавих
Бусдыг таны хувьд ямар чухал болохыг мэдрүүлэх хамгийн зөв арга бол тэднийг тэргүүнд тавих юм. Найздаа бялууны хамгийн том хэрчмийг өгөх, ээждээ ресторан дахь хамгийн ая тухтай суудлыг санал болгох, зургаа даруулахдаа зочноо голдоо оруулах гээд энэхүү хүндлэлийн хэлбэр Японы өдөр тутмын амьдралын бүх хэсэгт илэрдэг. Японы уламжлалт байшин дотор зочинд тусгайлан зориулсан суудал хүртэл байдаг – Токонамагийн урд сууснаар зочин Японы урлагийн гоо үзэсгэлэн (хананд өлгөсөн каллиграф, тусгайлан бэлдсэн ваартай цэцэг г.м.) бүхий зүйлээр хүрээлэгдэнэ. Тийм ээ, хүмүүсийг онцгой гэдгийг яагаад мэдрүүлж болохгүй гэж? Дөнгөж сая бейкеригээс шинэхэн гарсан бялуу худалдаж аваа юу? Тэгвэл хөршдөө бас нэгийг ав. Японд харилцаа холбоогоо тэмдэглэдэг олон жижиг арга бий.
5.Бүлэгтээ хүн бүрийг багтаах
Хүмүүсийн зарим чамд таалагддаггүй байсан ч, бүх хүнийг анхаарч, урих хэрэгтэй. Зөвхөн сайн найзтайгаа шар айраг хуваах, эсвэл ажлынхнаасаа заримыгурих гэсэн ойлголт байхгүй. Хэн нэгэн таны хамаатан, найз нөхөд, эсвэл тэнд байгаа нэгэн байсан ч, тухайн цаг мөчид цуг байгаа бүх хүмүүс зурганд багтан орох ёстой. Бүх хүнийг багтааснаар бид хүн бүрийг байгаагаар нь хүлээн авч, биднээс ялгаатай бүгдийг тэвчихэд сургадаг.
6.Хүний өмчид хүндэтгэлтэй хандах
Монгол хэлэнд “Олсон хүний олз, хаясан хүний хальс” гэсэн хэллэг байдаг. Харин Японд бол тийм зүйл байхгүй. Хэрэв тухайн зүйл чинийх биш бол авах ёсгүй. Хэрэв хэн нэгэн зам дээр гээсэн нусны алчуур олбол, түүнийгээ хамгийн ойрын шуудан дээр үлдээнэ. Ингэснээр гээсэн хүн хаясан эд зүйлээ олоход хялбар болно. Уяж хүлээгүй юм байвал авч болно гэсэн үг биш. Ичих булчирхайтай бай.
7.Ууж согтлоо гээд хүчирхийлэл үйлдэхгүй
Японд дөнгөж зочлоод гарсан хүн ч шөнө (зарим нь бүр өдөр) гудамжинд согтуу хүмүүс цөөн бишийг харах боловч, тэдний догшин омголон байхыг хэзээ ч харахгүй. Шөнийн клубт зодоон цохион их ховор гардаг. Япончууд уусан үедээ аз жаргалтай болдог (эсвэл шууд л унтаад өгдөг, дараа сэрээд дахиад үргэлжлүүлээд уухын тулд шүү дээ).
8.Амар амгалан байхыг сонгох
Одоо үед Японы хүүхдэд хүчирхийлэл бол буруу, дайн гэдэг хэрэггүй зүйл гэдгийг багаас нь зааж сургадаг. Амар амгалан байхыг боловсрол, жил бүрийн санан дурсах үйл явдлаар хөхүүлэн дэмжиж бий болгодог.
9.Засгийн газрын хяналт удирдлага заримдаа үнэхээр сайн зүйлийг авчирдаг.
Дэлхийн зэрэглэлийн төмөр замын систем (нийтийн тээвэр), дэлхийн хамгийн шилдэг шуудангийн системийн, өндөр чанартай, хямд үнэтэй эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг бол засгийн газраас хэрэгжүүлсэн хамгийн зөв бодлого, үйл ажиллагааны жишээ. Хувийн хэвшил эдгээрийг илүү сайн хийх байсан гэж бодоход ч хэцүү.
10.Бүрэг даруу байдлыг хүсэмжит зан чанар болгох
Японы нийгэм бол их зөөлөн, эгэл даруу байдаг. Хүмүүс урт оочер дараалалд ямар нэгэн гомдол дургуйцэлгүйгээр зогсдог. Зам дээр жолоочид ямар нэгэн байдлаар маргаж хэрэлдэхгүй. Дуугаа өндөрсгөх, нүдээ эргэлдүүлэн муухай харах явдал ч тохиолдохгүй. Япончууд их уян зөөлөн, амьсгалж, амьдрахдаа тайван дөлгөөн байдлыг эрхэмлэдэг. Үнэхээр мундаг араншинтай.
Японд аливаа үйл ажиллагаа хатуу дэг журмын дагуу явагддаг тул, таны төлөө дүрэм зөрчсөн үйлдэл хийнэ гэж хүлээх хэрэггүй.
11.Их сайн сонсогч байх
Япончууд их зөөлөн ярьдаг. Тэд ихэнх тохиолдолд бүрэг ичимхий, даруу төлөв, тэвчээртэй байдаг. Тэд ярианд шуудхан орохоосоо илүүтэйгээр эхлээд бусдад ярих боломжийг олгодог. Тэд маш сайн сонсогчид юм.
Бусдад санаа бодлоо илэрхийлэх боломжийг олгохыг маш чухал гэж үздэг. Учир нь тэдэнд нээлттэй байх, бидэнд сонсох нөхцөл бүрдэх болно. Бид бусдын үзэл бодлыг ойлгох гэж хичээх үедээ бага шүүмжилдэг. Бид мэтгэлцэхийн оронд хэлэлцэх үедээ автоматаар дуугаа сулруулж, яриаг ноёлохоо больдог.
Япончууд чимээгүй байдлыг үнэлдэг; харилцан ярианы дунд үе үе зогсолт хийвэл та үнэ цэнээ өсгөнө.
12.Хэт үндсэрхэг байх хэрэггүй
Өөрийгөө хэт өргөмжлөх хэрэггүй. Яагаад гэвэл хүн бүр өөрийнхөө төрсөн газар орныг хамгийн сайхан газар гэж мэдэрдэг. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн цагаачид амьдардаг Япон шиг орон бол, дэлхийн хамгийн сайхан газраас ирээгүйг чинь ухааруулаад өгнө. Угаасаа тийм зүйл оршдоггүй юм.
13.Ганбару – хамгийн сайнаараа хийх
Англи хэлэнд энэ үгтэй тэнцэхүйц үг байхгүй гэдэг . Ямарваа нэгэн зүйлс төсөөлж байснаас их хугацаа, мөнгө, эрч хүч шаардаад ирэх үед бидний ихэнх амархан буугаад өгчихдөг. Харин Японд бол, хамгийн сайнаараа, бүх хүчээ дайчилсны эцэст түүндээ хүрнэ гэж итгэдэг. Япончуудын оюун санаа, итгэл үнэмшилд ганбару бат сууж, шигтгэгдсэн байдаг.
14.Амлалт бол чухал зүйл
Японд хэн нэгэн хүн ямар нэгэн зүйлийг хийнэ гэж хэлсэн бол, чин сэтгэлээсээ хэлдэг болохыг бид сурна. Тэд хэлснээ хэзээ ч мартахгүй. Хэрэв тэднийг ямар нэгэн үйл ажиллагаанд урьсан бол очих ёстой юм шиг санана. Хэрэв тэд очно гэсэн бол бороо асгаж байсан ч болзсон газраа заавал очно. Хэрэв үнэхээр амжихгүй бол, энэ талаараа урьдчилан мэдэгдэх, эсвэл өөрийнхөө оронд хэн нэгнийг илгээх хэрэгтэй болно.
15.Илүү сайн иргэн бай
2014 оны Бразилд болсон Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Япончууд өөрсдийн сууж хөгжөөн дэмжсэн стадионы танхимын хэсгийг цэвэрлэсэн. Хэрэв та Японд очиж байсан бол, үүнийг нэг их гайхаад байхгүй байх. Учир нь Япончууд бохирдуулсан бол цэвэрлэчихээд явдаг. Хэрэв та гэртээ үдэшлэг зохион байгуулсан бол, оролцсон хүн бүр цэвэрлэгээ хийхэд тусална гэж найдаж болно. Тэд аяга тавгийг чинь хүртэл угаана. Япончууд байгууллагынхаа урд талын замыг өдөр бүр шүүрдэж цэвэрлэдэг. Мөн хүн бүр оролцох ёстой. Хөршийн цэвэрлэгээг байн байн зохион байгуулдаг. Тэдний үүрэг биш байсан ч, бусдын бохирдуулсан зүйлсийг цэвэрлэдэг.
16.Аливааг соёрхон гүйцэтгэх
Хэрэв Япончуудыг нэг үгээр тодорхойл гэвэл, энэ үг “соёрхолтой” байх байсан болов уу. Хүндлэл үзүүлэн бөхийх, зөвхөн долоовор хуруугаар бус, бүхэл гараараа хэн нэгэн рүү заах гэх мэт дээд зэргийн гоёмсог байдлаар хандах явдал нийгмийн бүх давхаргад үйлчилдэг. Хоёр гараараа өгөх, сайхан хувцаслах, хүн бүртэй инээмсэглэн мэндчилэх гэх мэт бүх үйлдэлд талархал, хүндлэл, ёс журам шингэсэн байдаг.
17.Цагаа барь
Японд сурсан хамгийн том хичээлийн талаарх судалгаанд оролцогчдын хамгийн нийтлэг хариултаар “цаг барихын ач холбогдол” шалгарч байв. Энэ бол зөвхөн бусдыг хүндэтгэж буйгаа харуулахын зэрэгцээ бүх ажлыг үр ашигтай, найдвартай гүйцэтгэх боломжийг олгодог байна.