04/04/2024
Маргааш хэрвээ Та UG Palace-т болох “Жуулчдаа дайлах Монгол зоог” конференц руу очвол Өрөмтэй хайлмаг, Цөцгийтэй чангаамал будааны хутгууш, Шар тос, сүүгээр багсарсан Ройд, Мойлтой шахсан бяслаг, Хөмүүлтэй бин /Тосгүйгээр хайрсан/, Үхрийн сүүний уураг бүхий хөх тариа болон сульхирын гурилаар хийсэн амттан, Сүүтэй гийдаа, Хөц будаатай ээзгий, Аарцны шарвин, Цохисон цөцгийний хутгамал гэх мэт монгол зууш, амттангуудыг хүртэх нь ээ. Бас ...
: Ар Жанчивлан рашаан, Оргил рашаан, Ходоодны рашаан, Дондогдуламын рашаан, Хунчир ба чихэр өвсний ханд, Гишүүнтэй аарцны сэрүүн ундаа, Хармаг ба есөн эрдэнийн цайтай халуун ундаа, Говийн цай, Дөрвөд цай, Урианхай цай, Цаатан цайнууд байх юм байна. Та бүгдийг нь амсаж харьцуулж болно, хэрвээ “хоол ундны зочлох үйлчилгээ”-ний бизнес хийдэг бол газар дээр нь эдгээрийг “бүтээсэн” хүмүүстэй нь уулзаж “учраа олж” болно.
: Үхрийн гүзээнд ороосон хонины утсан сүүл, Үхрийн утаж давсалсан мах, Үхрийн утсан гургалдай, Ээдэм, ээзгий, хонины сүүл, халгай бүхий орцтой, бууцайтай шар тосонд хайрсан хуушуур, Хонины гүзээг үхрийн махаар шанзалсан үдмэг иднэ ээ. Хэрвээ та өөрийн жуулчны баазынхаа хоол үйлчилгээнд “ондоошол, ялгарал” бий болгохыг хүсэж байвал бас маргааш газар дээр нь эдгээр хоолнуудыг хийсэн тогооч нартай уулзаад дараа дахин уулзах, суралцах, бааз дээрээ урих залах, сургалт авах зэргээр B2B-дээрэй.
#ТЭРТЭЭ: Анх хөтөч хийгээд явж байхад Хархорин чиглэлийн баазууд десертэнд бүгдээрээ ижилхэн шоколадтай “банка” маягийн печень өгдөг байж билээ. Нэг ганзагын наймаачин зам дагуух бүх баазуудад очоод бөөндөөд зарчихдаг байсан байх аа. Өдөр очсон баазад наадахыг чинь өгсөн, өөр десерт байна уу гэхээр лаазтай “олон жимсний компот” задлаад өгдөг байсан сан. Одоо арай дээр болсон л доо, гэхдээ л “монгол хүнс, зоог” гэх “ондоошил” баазуудын хоолонд байхгүй л байна. Сар гаруйн өмнө АртГэрийнхний арвайн гурилаар зуурсан нэг десерт идэж үзсэн, амттай бас сонирхолтой байсан. Нэг иймэрхүү ялгарал баймаар байна аа.
: Олж авсан ойлголтоор бол ресорт, лоож гэх нэртэй байршуулах газрууд дэлхий дээр арай дээгүүр “түвшний” зэрэглэлтэй байх юм. Тийм газрууд нөгөө л цуйван, шарсан тахиа, жигнэсэн мах ... гээд баймааргүй байна аа. Хоол үйлчилгээндээ бага зэрэг өөрчлөлт, хувьсгал хиймээр санагддаг аа. Эсвэл “Silk road” ресорт шиг хоол үйлчилгээгээ мэргэжлийн компанид даатгаад явсан нь дээр. Өнөө үед бааз, буудлын эзэн “ганцаараа” ороо зарах гээд, цагаан хэрэглэлээ угаах гээд, хоолоо хийх гээд, аяллаа зарах гээд, бэлэг дурсгал зарах гээд зовж зүдэрдэг технологи хоцрогдчихсоон.
: Дээрх шинэлэг содон идээ ундаа, амттан, зоогийг хүртэнгээ дараах сэдэв бүхий судалгаа, бодлого, стратегийн саналуудыг сонсож мэдлэг мэдээллээ тэлэх, бодох тунгаах, санаа авах боломжууд бас бий. Хэн илтгэх вэ гэдэг нь мэдээж хэрэг чухал, АЖ болон зочлох үйлчилгээний шилдэгүүдээс гадна шинэ залуу контент бүтээгч мөн Өвөрмонголоос ирсэн зочин илтгэх юм билээ. Гэвч миний сонирхлыг илтгэгчээсээ илүү сэдэв нь татаж байгаа.
- Монгол өглөөний цай ба танилцуулгат зоогийн үйлчилгээ
- Соёлын аялал жуулчлалд уламжлалт зоог, ундааны нөлөөлөл
- Монголын зоог, ундааны судлагдсан байдал
- Жуулчдын Монгол уламжлалт зоог, ундааны талаарх хүлээлт ба өнөөгийн байдал
- Бүс нутгийн идээ, ундааг жуулчны цэсэнд нэвтрүүлэх боломж
- Эх орны жимс, жимсгэнийг дэвшилтэт технологиор боловсруулан жуулчдад зориулсан бүтээгдэхүүн болгох нь
- Монгол зоогийн контент бүтээж жуулчдад нөлөөлөх нь
- Монгол зоог, ундааг таниулах стратеги
#ХОРЕКА: Манай салбарын зочлох үйлчилгээнд нэгэн сонирхолтой хамт олон бий. Миний хувьд “Хорека институтийнхан” гээд ой санамжиндаа хадчихсан учраас ингээд хэлчихэе. Бүрэлдэхүүн нь өөрчлөгдөөд нааш цааш гарч ороод байдаггүй, элдэв болсон болоогүй дарга сайд, байгууллага хүмүүсийг дагаж далдаганаад байдаггүй, гар нийлж, хүчээ нэгтгэж ажилладаг залуучууд байдаг. Тэд нар тууштай, жил ирэх тусам хүчирхэгжиж ахиж дэвшиж байгаа нь харагддаг. Зочлох үйлчилгээний үзэсгэлэн яармаг, конферэнцүүдийг жил бүр маш сайн зохион байгуулдаг. Хот хөдөөгүүр байнга зөвлөх үйлчилгээ үзүүлж, сургалт зохион байгуулж байгаа харагддаг. Энэхүү нэгэн баг болж чадсан залуустаа дахиад нэг ажил нэмчихмээр санагдаад байдаг юм. Зочид буудлын ресеспшин, рестораны зөөгч, өрөөний үйлчлэгч, буудлын угтагч ... гэдэг нь ямар чухал ажил болохыг хүмүүст сайн жишээнүүдээр ойлгуулж, энэ ажлын байруудад тууштай ажиллаж буй хүмүүсийг таниулж, тэднийг тухайн буудал, бааздаа хэрэгтэй байгаа өөр мэргэжлүүдэд давхар сургах чиглэлд төсөл хэрэгжүүлээсэй гэж хүсдэг. Тэднийг хамруулсан “ур чадварын тэмцээн уралдаан”-ыг зохион байгуулж, захирал менежерүүдийн дунд “хүний нөөцийн өрсөлдөөн” үүсгэх хэрэгтэй.
#Жич: Сонирхсон хүн дараах линкээр орж холбогдоорой.
https://horecamongolia.com/conference?fbclid=IwAR3qLxYxKkzQVc3HSAJQh6ENjBxoGbPY_A6nJUtLqW7mwI8QbYzEq-HfuBs_aem_ATbcdD9qtg_YvcPjImmVCko5Obtq1ecgzzH-8hSlLTusLhAY2xUzwbi230PGe13ESj-KL5KusViCXhtSBkt0vDL9