26/06/2024
Чагдгаагийн Батцэцэг гэх бүсгүйн УЛ МӨРГҮЙЧҮҮД цуврал нийтлэлийг хүргэж байна. Бичнэ гэж сийлэх юм. Гол нь түүний бичсэн зүйл утга төгөлдөр юм. .................................
Монголчууд бол УЛ МӨРГҮЙЧҮҮД. Бид байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, байршил нь тодорхойгүй, баримт нотолгоогүй амьдарч ирсэн БИЕТ БУС үндэстэн.
Эртний хаадууд бидэнд орд харш байтугай онгон шарилаа ч үлдээгээгүй. Монголын тал нутагт хүн төрөлтөн сая шахам жил амьдрахдаа хэзээ ч, хэн ч амьдарч байгаагүй мэт эзгүй хээр тал, эгэлгүй онгон байгалийг л өвлөж ирсэн.
Монгол нүүдэлчид ертөнцийн анхны бас сүүлчийн хүн шиг амьдралтай, хаан шиг, бас боол шиг ааштай. Маргааш үхэх мэт хээгүй, магад мөнх наслах мэт хэрсүү хүмүүс. Монголчуудад тулах цэг гэж үгүй. Учир нь тэд газар тулж биш тэнгэр чангааж босдог. Монголчууд цаг хугацаанд биш цаг агаарт захирагддаг. Тэд баялагийг хөөж биш тууж эдэлдэг.
Өтлөх тусам тэд унь, ханаа цөөлж, уух идэхээ танаж, оршихуйгаа цэгцлээд оддог. Учруулсан хохирлоо амьддаа барагдуулж, ул мөрөө алгуурхан баллаад, ууршин оддог нь монголчуудын ондоошил.
Монголын ирээдүй өнгөрсөнд, хөдөөгийн хөгжил эс хөгжихүйд бий. Бидний орших, эс оршихын нууц нь магад хонины бэлчээрт холхиж яваа жирийн монгол чавганцын чамархай тушаа байж мэднэ.
.................................
#УлМөргүйчүүд #2
Ул мөргүйчүүдийн тухай олж мэдсэн даруй би хэмжээлшгүй тайтгарал, эрх чөлөөг мэдрэв. Орооцолдож ээдэрсэн олон асуултын хариулт нэгэн зэрэг олдсон мэт, овоорсон дарамт ачаа ор мөргүй алга болсон мэт санагдав.
Үр хүүхэддээ ахиухан хөрөнгө үлдээх, үлдсэн амьдралдаа амжиж эд хураах, эх орноо эцэст нь тултал хөгжүүлэх, энэ дэлхийд цоо шинийг санаачлах, удам нэрээ мөнхлөх, ул мөрөө үлдээх - энэ бүхэн миний хүсэл үү, эсвэл бусдын хүлээлт үү гэж бодох болов.
Биет зүйл нь мөнх бус, биет бус нь мөнх гэдгийг, үнэ өртөгтэй нь биш үнэ цэнэтэй нь чухал гэдгийг, илүүрхэж биш ижилсэж жаргадаг гэдгийг мэдэх хүртлээ би эргэлзээ, эмзэглэл, урам хугаралт, ухралт, үнэн мөнөн, үзэн ядалттай бишгүй нүүр тулсан.
Ул мөргүйн тухай бодол намайг ирээдүйгээс чөлөөлсөн ч өнгөрснөөс сулалсангүй. Харь гарагийн мэт хачин жигтэй зүйлсээр би биеэ, гэрээ бас дэлхийгээ дүүргэжээ. Хоргодоод үхэж чадамгүй, хойчдоо үлдээвч тоогдомгүй, хог дээр хаяавч барагдамгүй элдэвийн эд агуурс энэ дэлхийд гай болж амьдарсныг минь гарцаагүй гэрчлэх ул мөр ажээ.
Жирийн малчны гэрийг би жигтэйхэн тарчиг гэж боддог байв. Арав таван малыг нь аз жаргалын садаа мэт санадаг байв. Аажуу тайван байдлыг нь арчаагүй гэж голохдоо, алгуур холуур занг нь амиа бодсон гэж гоочлохдоо би өөрийгөө Монгол хүн гэж эндүүрч явжээ.
Би Монгол хүн биш, би Монголыг хайж яваа хүн.
.................................
#УлМөргүйчүүд #3
Ул мөргүй амьдрахын утга язгуур нь зайлшгүй хэрэгцээнээс хэтрэхгүй, зохиомол хэрэглээ рүү халихгүй, шунал руу шумбахгүй байхад оршино.
Шуналыг бидний олонх нь үслэг хувцас, үнэт эдлэл, үлгэрийн харшаар төсөөлдөг. Гэвч "хүлээн зөвшөөрөгдөх шунал" бол хүн төрөлтнийг хуйхлагч улангассан гал, эцэс төгсгөлгүй, эргэж буцашгүй там юм.
Бусдад хүндлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх гэсэн гэнэн хүсэл нь аргагүй хамгаалалт мэт харагдавч аюулт тахал билээ. Үр дагавар нь үйлдвэржилтийн солиорол, инновацын туйлшрал, зохиомол хэрэглээний хамаарал, хялбарчлах өвчин, хурдасгах дон, эдийн засгийн шүтлэг, эрх мэдлийн дайн. Энэ шунал бол эрх чөлөөний дайсан.
Ул мөргүйчүүд бол эдийн болоод сэтгэлийн шуналаас төсөөрсөн хүмүүс. Алс хязгаар нь үл харагдах уужим нутагтай атлаа арван алхамаас хэтрэмгүй ахархан зайд гэрээ барьдаг. Ан амьтан нь үл тоологдох баян хангайтай мөртлөө арав тавхан мал харж биеэ зовоож амьдардаг. Алт эрдэнэс нь үл багадах арвин баялагтай хир нь авдартаа ганцхан шинэ дээлтэй Монгол хүн.
Ухаангүйдээ биш, ул мөргүй амьдрах гэсэндээ малчин хүн гэрээ аваад нүүдэг, гэзгээ хаялгүй хамдаг, гадас суглахыг газрын буянд тооцдог, ганц чулуу хөдөлгөхийг гай хэмээн цээрлэдэг. Байгалийг эрхшээх нүглийн үйлийн үрийг хорлол, баялагийг эзэмших хүслийн барцад лайг хараал гэдэг.
Нүүдэлчин хүн нүүхээ болиод суувал магад орд харшийг хүснэ. Малчин хүн малгүй болж хоосорвол магад газар ухахыг бодно.
Монгол хүн байгалдаа ойртохын цагт магад ул мөргүй амьдрахын утга учрыг ойлгоно.
.................................
#УлМөргүйчүүд #4
Эрт урьдын цагт дорно зүгийн нэгэн бүсгүй Монголыг зорьж ирээд долоон уулыг давж, дов толгодыг туулан аялав. Өөд уруугүй донсолгож, өглөө өдөргүй сэгсчүүлсээр хуучны нэгэн хийд дээр ихэд ядарч иржээ. "Би ердөө энүүхнийг харах гэж энэ хол замыг тууллаа гэж үү" хэмээн өнөөх жуулчин үзсэн зүйлээ чамлан уйлсан гэдэг.
Залуу хөтчид энэ явдал зүрх үхэм түүх байв. Үлгэр домгоос хэтрэхгүй, үзүүлэх байхаа олж ядан, урам хугарч, улайж ичиж явахдаа ул мөргүйн тухай би ухаарсансан бол...
Долоон уул, дов толгодоо л үзүүлэх байж, донсолгож бас сэгсчдэг замаа л харуулах байж. Уран хийц, утга төгөлдрийг хайж явахын оронд ул мөргүйгээ л гайхуулах байж. Монголын их сүр хүч мод чулууны оройд мандаж биш, морин дэлэн дээр хийсэж явдгийг хэлж өгөөд зам хөндлөн хонио тууж яваа залуу малчныг зааж өгдөг байж.
Тотгонд нь толгойгоо цохим, тооноор нь цухуйх шахам хавчиг Монгол гэрээс туурь үлдэхгүй. Дорд мэт ноорхойг өмсөж, дорой мэт газар өвдөглөх Монгол эр бунханд мөнхрөхгүй. Олон хөлийн суурьшлаас алсарч хаягдсан нүүдэлчин хог новшгүй, орчин үеийн нөлөөнөөс алдуурч хоцорсон малчин ул мөргүй.
Ул мөргүйчүүдийн амьдрал хотын садандаа гутамшиг ч холын гийчиндээ гайхамшиг.
Үргэлжлэл бий...
Чагдгаагийн Батцэцэг
Photo by Kai Reuber