11/10/2015
Цай ундааны зүйл.
Манайхны сүүтэй цай бол дур сэргээх үнэр амттай, алжаал тайлах ид шидтэй ундаан мөнөөр барахгүй өл хоол залгуулах чанар чадалтай үндэсний онцлог бүхий дээд зэргийн ундаа юм. Монголчууд хэдийнээс уургийн улаан цайгаа чанаж, идээний дээж хэмээн дээдэлсээр өдийг хүрчээ. Ардууд сибирийн шимтэглэй, хөвөн оройт, боролзой, цээнийн үндэс, өрөл, сөд өвс, бөөрөлзгөнө, мойл, туйпланцар, боролжны навч, аврага цорж, нохойн хошуу, мягмансанжаа, тавилганы мөчир, найлзуур, инж буурал, бүйлээс, улиангарын навч, зээргэнийн мөчир, гоёо, гичгэнэ, алирс, тэхийн шээгний мөчир навч зэрэг 100 гаруй зүйлийн цай орлох ургамал хэрэглэж ирсэн байдаг. Монголчууд хөвч шугуйт уулынхаа амтат жимсыг нь түүж идээд анхилам навчийг нь бүрж уудаг байснаа хожим нь өмнөд орны хөх цай, ногоон цайг уух болсон ажээ. Монгол оронд 7 дугаар сар цай түүх тохиромжтой сар юм. Энэ үед настан буурлууд хүүхэд багачуудаа дагуулан ууланд очиж өрөл мойлын сугсрага найгасан сөөг болон цайр чихрийн намаг холбосон хажуу жалганаас тэмээн даалин, арьсан тулам ачаа дүүрэн цай түүж ирээд заримыг нь жигнэж боловсруулан бас наранд эгшээж, сүүдэрт хатаан шуудай шуудайгаар чигжин дүүргэж нөөцөлж авдаг ажээ. Нутгийн цайны цэцэг нь ханхлам сайхан үнэртэй, бурам чихэр шиг амтлаг. Цай түүхэд заримынх нь навчийг, заримынх нь навч жимсыг хольж түүдэг бол заримынх нь үр ба иш модыг ч түүж авдаг байна. Монгол ард түмний ууж дадсан цайны ургамлыг товчлон тэмдэглэвэл:
Сөдөн цай.
Сөд өвс нь уулын хажуу, модтой чийглэг газар, хээр талд ургадаг олон наст өвслөг ургамал юм. Махлаг үндэснээс жилд ээлжлэн ургадаг. Навч нь уртавтар дугариг, мухар үзүүртэй, хөрөөний шүдэн хөвөөтэй. Боровтор улаан бөөрөнхий түрүү хэлбэртэй, хэлтэсгүй баг цэцэгтэй. Бөөрөнхий хэлбэрийн нарийн үслэг жимс боловсорно. Намар жимс нь боловсроод иш нь улайх үед ишийг нь түүж аваар ямх урт хэрчиж боогоод сүүдэр газар хатаана. Нэг данх цайнд цэн орчим боож чанавал хүрэн улаан өнгөтэй цай болно. Хэвийн цайтай хольж чанаад сүлбэл хүрэн шар өнгөтэй анхилам үнэртэй цай болно.
Цайрын цай.
Цайр буюу цагаан цайр нь гуу хянгын голын дагуу хад чулууны завсар буталж ургадаг ховор чухал модлог ургамал юм. Шаравтар саарал холтостой мод нь чийрэг бахим хугардаггүй тул уургын залгаас хийдэг. Шүхэр хэлбэрийн цагаан цэцэг дэлгэрнэ. Билгийн улирлын долоон сарын хорьдоор цайрын навч улбар шар болоход навч жимсийг нь түүж аваад цэвэр усанд зайлж угаагаад үдийн наранд эгшээн шөнө дарж халаагаад жимсний хамт сагсанд хийж 2-3 өдөр даршлаад алагласан навч нь бүрэн улайх үед таван жингийн дотор нэг жингийн харьцаагаар хөх цай хольж уурштал жигнэж сүүдэрт даршлан хатаагаад сүүтэй цай болгон чанаж ууна.
Улааганын цай.
Уулын хажуу хээр талд бөөнөөр бутлан ургадаг таван дэлбээ бүхий цагаан буюу ягаан цэцэг дэлгэрдэг модлог ургамал юм. Цагаан шүүдэр унахын өмнө хойно арван өдөрт навчийг нь шувтарч аваад сиймхий адар дээр дэлгэн наранд ээж халаагаад усанд зайлж шүүж гаргаад жигнэсний дараа хатааж чанаж ууна.
Боролзгонын цай.
Боролзгоно уулын хормой, элсэрхэг хормой бэл, тал газруудад 2-5 тохой өндөр ургах бутлаг ургамал юм. Улбар хүрэн шулуун иш нь олон саглагар салаатай байна. Ягаан буюу бор өнгөтэй шор хэлбэрийн баг цэцэг дэлгэрнэ. Намрын эхэн сард боролзгоноос сэнгэнэм сайхан үнэр үнэртэх бөгөөд оройнх нь жижиг навч, нийлмэл жимсийг нь ноолуур үстэй нь түүж эрт, оройн наранд ээж хатаагаад цэвэр усанд угааж шүүж аваад жигнэж хатаасны дараа цай болгон ууна. Боролзгоны иш, хальс, жимс нь цөм эмэнд орох бөгөөд ханиалгыг дарах, цэр ховхлох, хямарсан халууныг арилгах, уушигны тамирыг сайжруулан, амьсгал давхцахыг засна гэж монгол эмнэлгийн номонд тэмдэглэжээ.
Өрөлийн цай.
Өрөл бол гүн уулын гуу, жалга, булаг горхины хөвөөгөөр ургадаг, модлог ургамал юм. Шүхэр хэлбэрийн, таван дэлбээтэй, цагаан цэцэг дэлгэрнэ. Улаан буюу шаргал улаан жижиг жимсийг нь түүж иднэ. Өрөлийн навч жимс модыг цөмийг нь цай болгон чанаж ууна. Намрын эхэн сарын эцэст уулын хярын мод навчаа хаян улайх үед өрөлийн навч жимсийг нь түүж жавар нэвтрэх саванд дарж байгаад навчны өнгө нь улбар өнгө татах үед гаргаж тогоонд халаах буюу жигнэх аргаар боловсруулан сэрүүн газар тавьж хатаагаад бөс даавуун уутанд хийж чанаж ууна. Дөрөвний гурвын харьцаагаар хөх цайтай хольж жигнэх буюу чанавал сайхан үнэртэй цай болно.
Туулайн бөөрийн цай.
Туулайн бөөр буюу сэндэн бол элсэрхэг бөөр болон шар шороот хөрсөнд ганц ганцаар ургадаг хонхорцог жимст модлог ургамал юм. Боровтор саарал холтостой иш нь хүрэн улаан голтой ажээ. Таван дэлбээ бүхий цагаан ягаавтар цэцэг дэлгэрнэ. Намар навчинд нь улаавтар туяа татах үед навчийг нь түүж аваад цэвэр усанд зайлж аваад жавар нэвтрэх саванд хийж хэдэн өдөр дарж байгаад үл мэдэгдэм исгэлэн үнэр гарахаар тогоон дотор халтал нь хуурч хатаагаад чанаж ууна. Монгол эмнэлэгт цэцэг, жимс, модыг нь эмийн найрлагад хэрэглэдэг бөгөөд өчүүхэн бага гашуун амтлаг болоод хуурай, эелдэг, сэрүүн чанартай, шар усыг хатааж, хавдар хариулан, бам өвчин болон үе мөчний өвчнийг эмнэнэ гэжээ.
Царсны цай.
Царс мод бол уул хажуу ээвэр газрын зөөлөн хөрсөнд бөөн бөөнөөр, ганц нэгээр ургадаг модлог ургамал юм. Усны долгион шиг хөвөөтэй, өндөг хэлбэрийн навстай байна. Боргоцойндоо баглагдсан зууван хэлбэрийн жимстэй. Намрын эхэн сард царсны улбар татсан навчийг нь түүж аваад угаан цэвэрлэж, дарж байгаад эсгэх буюу тогоонд жигнэн боловсруулж хатаагаад тээрэмдэж жижиглэсний дараа даавуун уутанд хийж чанаж ууна.
Алимны цай.
Зэрлэг алим нь уулын гуу жалганд ганц ганцаар ургадаг хүрэн хар хальстай, тураг модлог ургамал юм. Таван дэлбээ бүхий шүхэр хэлбэрийн цагаан цэцэгтэй. Өндгөн хэлбэрийн шаравтар цагаан жимс нь боловсрохоороо хүрэн өнгөтэй болно. Навч ба жимсийг нь цай болгон ууна. Намар навч нь хагас шарлах үед түүж аваад цэвэр усаар угааж сагсанд сайтар дарж хийгээд 2-3 өдөрт нэг удаа эргүүлэн бүх навч шар буюу улаан бор болсны дараа дэлгэж, сэрүүн газар тавьж хатаагаад тээрэмдэж авна. Навчийг нь дарахад жимсний хамт хийж исгэвэл цайны өнгө амт нь нэн сайхан болно. Алимны цайнд жимсийг нь хийвэл шар халууныг дарж, ханиалгыг намдаах зэрэг эмчилгээний чанартай байна.
Цагаан яргуйн цай.
Цагаан яргуйг бас Еэмэнгарва буюу чөдөр өвсны цагаан цэцэг гэдэг. Энэ нь чийглэг хөрс, уулын бэл, тал зоогоор ургадаг тохой өндөр бутлаг ургамал юм. Хар ногоон өргөн навчтай, Нимгэн бөгөөд хумгар амсартай хонх мэт цагаан цэцэг дэлгэрнэ. Ихэвчлэн бусад модтой орооцолдон ургана. Мод өвс боловсрох намрын цагт түүний иш навчийг нь түүж аваад боож хатаан, халааж, чанаж уухад үнэр амтаар сайхан цай болдог байна.
Нохойн хошуун цай.
Нохойн хошуу бол уулын хажуу, чийг сөөгтэй газарт ихээр ургадаг бутлаг ургамал юм. Хондон улаан цэцэг дэлгэрч чавга мэт өндгөн хэлбэрийн гялгар улаан жимс дэлгэрэх бөгөөд тутрага шиг жижиг үртэй байдаг. Намар өвс мод боловсорсны дараа навч жимсийг нь түүж аваад сайтар хатаасны дараа ширмэн тогоонд халааж бүрж уувал үнэр амт нэн таатай байдаг.
Бударганын цай.
Бударгана бол элс манх, дагжуур зоо газар бутлан ургадаг олон наст модлог ургамал юм. Нэг метр шахам өндөр ургана. Хавар зундаа навчлан намар болоход иш нь борлож бүдүүрэхэд олонхи нь нар буруу мушгиран эргэдэг бөгөөд навч нь зулгаран унана. Түүний мушгимал үндэс нь гарын бугуйн чинээ бүдүүн, сэндэн модны гол шиг хүрэн улаан өнгөтэй болно. Бударганын цайг жилийн дөрвөн улиралд чанаж ууна. Зуны улиралд ургаж байгаа ногоон навч ишийг нь боож байгаад чанавал ногоовтор өнгөтэй идээшиж, нялуун амттай болдог. Бусад улиралд үндэс хожуулыг нь буталж байгаад чанаж уувал хөх цай шиг хүрэн улаанаар идээшдэг боловч багахан шорооны амт гарна. Бударганын цайг хөх цайтай хольж чанавал амттай болдог.
Эх сурвалж: http://namurana.blogspot.com