15/04/2024
Зүүн гарын хаант улсын Ойрадууд ба Монголчуудын түүхээс Ойрадууд Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан талын нүүдэлчдийн нэг хэсэг болсон. 1207 онд Ойрадын ноён Хутагу бэхи харъяат ардаа дагуулан ирж Чингис хаанд дагаар орж Их Монгол Улсын бүрэлдэхүүнд оржээ. Чингис хаан өөрийн охин Чэчэйхэнийг Хутагу бэхийн хүү Иналчид, Иналчийн ах Төрэлчид Зүчийн охин Олуйханыг, Өгэдэйн хүү Гүюгт Хутагу бэхийн охин Хаймишийг хатан болгон өгснөөр Ойрадын ноёдуудтай ураг барилдаж, өндөр итгэл хүлээлгэн шадар нөхөд болгон авчээ. Тэгээд Боорчийн харъяанд 4 түмэн болгон захируулснаас үүдэн “Дөрвөн Ойрад” хэмээн нэрлэгдэж, гол овог болох цоросууд монголчуудын дунд ихээхэн нэр хүндийг олж “цагаан яс” хэмээн өргөмжлөгджээ. Эл явдлын дараа Ойрадууд баруун зүгт нүүж Енисей мөрний эх Дэлгэр мөрний сав газраар нутаглаж байгаад 50 гаруй жилийн дараа Завхан, Хүнүй гол, Алтай уулын зүүн бэл хүрч нутаглан Аригбөх, Хайду нарын харъяат болжээ. Тэдний үүсэл гарал нь ийм бөгөөд “Ойрад” гэдэг нь “ойн ард” гэдэг үгнээс гаралтайн дээр тусгайлсан нэгэн овог аймгийн нэр биш олон овог аймгийг нэгтгэсэн холбоот улсын нэр юм.